Улсын төсвийн 9,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруун—Урт суманд баригдах Уртын гол соёл амралтын хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Нийт 270 га газрын хамрах бөгөөд 100 га-д бүтээн байгуулалт хийгдэнэ. Үүнд 4,6 км хашаа, задгай театр, чийрэгжүүлэх, спортын талбайнууд, явган хүний болон дугуйн 2,6 км зам, ариун цэврийн байгууламж, усан оргилуур, сүүдрэвч зэрэг байх аж.
Уг ажлыг Монгол зам групп ХХК гүйцэтгэх бөгөөд энэ жил гурван тэрбум төгрөгийн төсөв батлагдсан байна.
Хүрээлэнгийн шав тавих, нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн Засаг дарга М.Идэрбат, Монгол зам групп ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Цогтсэргэлэн болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.
Уртын гол соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн нь 4-5 жилийн хугацаанд бүрэн баригдаж дуусна. Энэ хугацаанд 15 мянга орчим модыг тарихаар төлөвлөсөн. Эргэн тойрны авто замыг хязгаарлаж хашаажуулснаар мал амьтны хөлөөс ногоон байгууламжаа хамгаалах юм. Зураг төслийн дагуу бүх ажлыг дээрх хугацаанд хийж гүйцэтгэнэ. Үүнээс гадна орон нутгийн ААНБ, хувийн хэвшлийнхэн өөрсдийн нэрэмжит ажлыг ч үүнд багтаах боломжтой. Ингэснээр хэдэн жилийн дараа ногоон төгөл бүхий иж бүрэн иж бүрэн цэцэрлэгт хүрээлэнтэй болж, Сүхбаатарчууд улсдаа мөн анхдагч болно гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь онцлов.
Харин аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлэхдээ, энэ бол Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудын нэг. Эхний жилд хүрээлэнгийн хашаа,зам талбайн ажлууд хийгдэнэ. Мөн спорт цогцолбор, олон улсын зочид буудал, наадмын шинэ талбай зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлж энэ жилдээ ашиглалтад оруулна. Хэдийгээр улс, аймаг орон нутгийн эдийн засгийн байдал хүнд байгаа ч бид зорьсноо эхлүүлж, эхлүүлснээ дуусгаж түүхт ойгоо тэмдэглэнэ гэдгийг тодотгов.