Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Сүхбаатар-80” урлагийн наадам эхэллээ. Тус наадамд 13 сумын соёлын өв тээгч, өвлүүлэн уламжлагч, ахмадууд, авъяаслаг оюутан залуус, сурагчид гээд нийт 400 гаруй ардын авъяастан оролцож байна.
Тус наадмыг аймгийн ЗДТГ, Жаахан шарга театр, Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж байна. Аймгийн Засаг дарга М.Идэрбат нээлтийн үгэндээ, энэхүү наадмаар Сүхбаатар аймгийн 80 жилийн ойн урлаг соёлын арга хэмжээ албан ёсоор эхэлж байна. Наадмаас шалгарсан шилдэг номерууд ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа болон Улаанбаатар хотод тоглогдох бүрэн хэмжээний тоглолтод оролцоно гэдгийг тодотгов. Сумдууд маш их ач холбогдол өгч оролцож буй нь харагдаж байна. Иймээс сум бүр хөдөлмөр, сэтгэл, хичээл зүтгэлээ зориулан бэлтгэсэн тоглолтоо шударгаар үнэлүүлэх нь чухал гэдгийг ч онцоллоо. Түүхэн ойг угтсан бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Уртын гол соёл амралтын хүрээлэн, спорт цогцолбор, зочид буудал барих ажлууд хийгдэж буйг тэрээр танилцуулж байв. Мөн СУГ-ын дарга Х.Эрдэнэдэлгэр, Жаахан шарга театрын дарга Г.Баярцогт нар оролцогчдод баяр хүргэж амжилтыг хүслээ.
Баруун-Урт сум “Ус-Эв нэгдэл-Өв соёл” Дарьганга сум “Домог амилсан Дарьганга” Мөнххаан сум “Дуурсах алдартай Мөнххаан” гэх мэт сум тус бүр өөрийн газар нутаг, түүх соёл, зан заншил, ахуй амьдралын онцлогийг харуулсан урлагийн тоглолтыг 40 минутад багтаан үзүүлнэ. Тусгайлан номер заагаагүй бөгөөд ерөнхий найруулга, үзүүлбэрүүдийн чанараар шүүлтийг хийх аж. Урлагийн наадам 5 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 6-ны 18:00 цагаас шилдгүүдийн гала тоглолт, шагнал гардуулах ёслолоор өндөрлөнө.