Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас санаачлан Эрүүл мэндийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа” нэг сарын аян амжилттай хэрэгжиж дууслаа. Аяны хүрээнд таван мянга орчим эрэгтэй урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахад хоёр төрлийн найман хорт хавдрыг шинээр илрүүлжээ.
Элэгний хорт хавдар долоо, ходоодны хорт хавдар нэгийгшинээр илрүүлжээ. Мөн элэгний в, с вирустэй 40, чихрийн шижин 27, цусны даралт ихсэх өвчин 41, давсагны уйланхай, бамбайн хордлого зэрэг арваад төрлийн өвчнийг илрүүлсэн байна. Эдгээр иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, эмчилгээ үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд шаардлагатай тохиолдлыг гуравдугаар шатны эмнэлэгт зуучлах ажлыг хийж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт ААНБ-ууд ажилчдаа хамгийн идэвхтэй хамруулжээ.
Сүхбаатар аймгийн нийт хүн амын 32670 буюу 50,1 хувь эрэгтэйчүүд. Гэвч аймгийн хэмжээнд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага бөгөөд гол шалтгаан нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой. Тиймээс дээрх аяныг өрнүүлж, холбогдох судалгаануудыг хийжээ. Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээлэл хангалтгүй, хайнга ханддаг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагддаггүй, эрчүүдийн эрүүл мэндэд чиглэсэн цогц үзлэг, оношлогоо байдаггүй гэсэн асуудлуудыг дэвшүүлсэн байна. Мөн судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 51,5 хувь нь дасгал хөдөлгөөн огт хийдэггүй бол өдөр бүр хийдэг дасгал хөдөлгөөн хийдэг нь 11,8 хувь байна. Ингэж дасгал хөдөлгөөн бага хийж байгаа нь зүрх судасны өвчлөл болон халдварт өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдэж буйг анхааруулав. Эрэгтэйчүүдийн хувьд хорт зуршил, амьдралын хэв маягийн буруу дадал зуршил их байгаа нь мөн судалгааны үр дүнд гарчээ.
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө аяны хүрээнд Эрүүл мэндийн газар, АНЭ, Өрх сумын эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн байгууллагууд Аймаг, сумдын ЗДТГ-тай хамтран эрэгтэйчүүдийг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулж, эрэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт сурталчилгааг хийж, сумд байгууллага хамт олноороор эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх чиглэлээр үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа. Мөн “Зам тээврийн ослоос сэргийлье” авто машингүй арга хэмжээ , “Архи тамхи бидний сонголт биш”, “Архи тамхины хор уршиг” цахим челленж, Архигүй нийгэм, аз жаргалтай гэр бүл, эрүүл бие, саруул ухаантай хүмүүсийн төлөө хамтдаа” уриалга, “Зөвийг зөвлөе” Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, “Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгийн хүрээнд Гар бөмбөг, 3*3 сагсан бөмбөгийн тэмцээн, дэвжээ тэмцээн зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулжээ.
Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний чиглэлээр:
Аяны хүрээнд нийт 4728 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас 0-18 насны 1406 хүн, 19-34 насны 823, 35-44 насны 973, 45-54 насны 682, 55-64 насны 529, 65-74 насны 220, 75-аас дээш насны 55 хүн байна. Элэгний В вирус илрүүлэх шинжилгээнд 1933 хүн, холестерол шинжилгээнд 116 хүн хамруулсан бол элэгний В гепатитын эсрэг вакцинд 1173 иргэнийг хамруулсан байна. ЕБС-ийн 1-12 дугаар ангийн 457 сурагчийг үзлэг, МСҮТ-ийн 95 хөвгүүнийг бэлгийн замын халдварын шинжилгээнд хамруулсан байна. Улмаар цаашид үзүүлэх шаардлагатай 22 хөвгүүнд зөвлөгөө өгчээ.
Сургалт, сурталчилгааны чиглэлээр:
Эрэгтэйчүүдэд эрт илрүүлгийн үзлэгийн ач холбогдол, архи тамхины хэрэглээний хор уршиг, дасгал хөдөлгөөн, зохистой хооллолтын чиглэлээр 75 удаагийн сургалтыг 2800 гаруй хүнд хийсэн гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. сургууль, цэцэрлэгийн багш ажилчдыг эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр 37 эмч, нийгмийн ажилтан, арга зүйч танхимаар сумдаас 35 хүн цахимаар сургагч багшаар бэлтгэжээ. Сургалтын үр дүнд цэцэрлэг, сургууль, МСҮТ, насан туршийн боловсролын төв зэрэг 10 байгууллага, 875 эцэг эх багш ажилчид , 290 цэцэрлэг, сургуулийн хүүхдэд эрүүл мэндийн мэдлэгийг түгээсэн байна.
Ийнхүү нэг сарын аяны хүрээнд үр дүнтэй ажиллаж, эрэгтэйчүүдийн дунд байгаа нийтлэг өвчлөлийг тодорхойлж, шинэ өвчнүүдийг ч цал алдалгүй илрүүлснээр тухайн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой болжээ. Ингэснээр цаашид учирч болох хүндрэл, эрсдлээс урьдчилан сэргийлж чадсан байна. Ямартай ч богино хугацаанд өрнөсөн ажил үр дүнгээ өгч, иргэд ААНБ-ууд ч оновчтой зөв ажил байсныг онцолж байлаа. Тиймээс цаашид эрүүлжүүлэх, үзлэг шинжилгээ гэхээсээ илүүтэйгээр эрүүлжүүлэх хяналтанд авах арга хэмжээг зохион байгуулах нь чухал гэх дүгнэлтийг аяныг зохион байгуулагчид гаргажээ.