“Жавхлант шарга-2022” уралдаанд арав хүрэхгүй эмэгтэй унаач хүүхэд байсны нэг нь Батнасангийн Түмэн-Өлзий охин. Бас тус наадмаас айраг хүртсэн ганц эмэгтэй унаач. Түүний унасан морь эрлийз дунд насны түрүү магнайгаар тодорсон билээ. Түүнтэй утсаар холбогдож цөөн хором хөөрөлдлөө.
Морь хэзээ унаж сурсан бэ?
Би анх гурвсан настайдаа морь унаж сурсан. Ээжийн маань дүү нь зааж өгсөн. Тэрнээс хойш дандаа хонины морь унадаг байсан. Энэ миний анхны наадам. Анхныхаа наадамд түрүүлээд гоё байсан. Одоо уралдааны морь дандаа унана гэж бодож байгаа. Гэхдээ зуны амралтаараа хөдөө очиж хонины морио унана л даа. Морь унаад хонинд явах ч гэсэн гоё санаддаг.
Тэгээд анх удаа уралдааны морь унахад ямар байв. Хэцүү байна уу, айсан уу?
Үгүй ерөөсөө айгаагүй шд. Харин төхөөрөмжрүүгээ явах л ёстой хэцүү санагдсан. Уддаг юм билээ. Бас эргээд уралдахад моридын тоосонд дарагдаад нүүр аймар болсон. Шороо тоос бол хэцүү юм билээ. Заримдаа урдах морь сайн харагдахгүй байсан болохоор урагшлах ёстой юм байна л гэж бодсон. Тэгээд л зүтгэсэн дээ.
Төхөөрөмжөөсөө эргээд морь нь хэдэд явж байсан юм. Яаж түрүүлсэн бэ?
Би эргээд бараг хамгийн ард нь байсан шд. Тэгээд л аймар шороонд дарагдсан. Бага багаар урагшилж байгаад л түрүүлсэн. Араас урагшлахдаа мориныхоо амыг чангалаад дараад явсан. Дээрээс нь миний морь хурдан сайн морь байсан. Хамгийн урд нь гараад ирэхээр ёстой гоё юм билээ. Одоо ч хүн бүр ангийнхан баяр хүргэе гээд л гоё санагдаж байгаа.
Нээрээ сая уралдаан хичээлийн өдөр таарсан шүү дээ. Багш нь загнасан уу?
Загнаагүй, гэхдээ уралдааны хоёр дахь өдөр багш залгаад л байсан. Тэгэхээр нь би аваад, багшаа захиралтай ярьчихсан ш дээ л гэсэн. Угаасаа захирал багшаас чөлөө авчихсан байхсан байхгүй юу.
Тэгээд багш нь дахиж юм хэлээгүй юу?
Юу ч хэлээгүй ээ. Түрүүлээд ирсэн юм чинь.
Чи дахиад уралдааны морь унах уу. Чи ер нь хэд хүртлээ морь унана гэж бодож байна?
Уналгүй яахав. Би сая хүний морь унаад түрүүлсэн. Хүмүүс надаар морио уналуулъя л гэдэг. Одоо аймгийнхаа том наадамд морь унаж уралдана даа. Би одоо 27 кг жинтэй. 12 настай болтлоо уралдааны морь унах байх аа.
Жавхлант шарга наадам ер нь хэр болсон бэ?
Надад лав таалагдсан. Олон газраас хүмүүс бас хүүхдүүд ирсэн гэж байсан. Газар газрын олон хүүхдүүдтэй уралдаад түрүүлсэн юм чинь яаж ч байсан гоё л санагдана. Жаахан шороо тоостой л байсан болохоос биш яг улсын том наадам шиг гоё наадам болсон. Ийм гоё наадам зохиосон хүмүүстээ баярлалаа гэж хэлье.
Баярлалаа. Дахиад олон айраг түрүү хүртээрэй?
Баярлалаа, хичээнэ ээ.