Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Т.БАЯРХҮҮ: ЦААШИД УЯАЧДЫН ЁСЗҮЙН АСУУДАЛД ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАНА

Аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шарга-2022” уралдаан амжилттай болж өнгөрсөн. Гэвч зарим уяачид морины үүлдэрлэг байдалтай холбоотойгоор маргааныг үүсгэж, олны дунд янз бүрийн яриа хөвөрсөөр байгаа. Тиймээс бид Жавхлант шарга МСУХ-ны тэргүүн Т.Баярхүүгээс зарим зүйлийг тодруулсан юм.

Ярианы эхэнд уралдааны талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Жавхлант шарга-2022 уралдаан хоёр жил завсарлаад сая зохион байгуулагдсан. Уралдаанч хүүхдүүд маань элдэв хүнд эрсдэлгүй, хурдан хүлгүүд маань осолгүй сайхан наадлаа. Дорнод, Дорноговь, Дундговь, Хэнтий, Булган, Өвөрхангай зэрэг арваад аймгаас уяачид, хурдан хүлгүүдийнхээ хамтаар зорин ирж наадлаа. Өргөн цар хүрээтэй сайхан наадам болохын зэрэгцээ Сүхбаатарчууд үнэхээр хурдны өлгий нутгийнхан гэдгээ дахин батлан харуулсан. Наадмын талаар нийт иргэдийн 90 хувь нь сайхан хүлээн авч, баярлаж байгаа ч үнэн болон худлаа гомдоллож байгаа хүмүүсийн дууг давж дуугарч чадахгүй шүү дээ. Манай холбоо нийгэмд хор хөнөөлтэй зүйл хийсэнгүй, харин ч уралдаанаа шударга зохион байгуулж, үнэн бүхэн рүү өөрсдийн нэр нүүрээрээ зүтгэсэн. Энэ дашрамд хамтран зүтгэсэн холбооны тэргүүлэгчид, ажлын албаныхандаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Харин уралдааны үеэр болон дараа нь морины үүлдэрлэг байдалтай холбоотой маргаанууд гарч байсан. Энэ юутай холбоотой юм бэ?

Ер нь бүх асуудлуудын үндэс суурь нь уяачид өөрсдөө болоод байгааг саяын уралдаан маш тодорхой харууллаа. Монгол адуу, эрлийз адуугаа тусд нь уралдуулна гээд байхад л Монгол адуундаа эрлийзийг уралдуулах гэж дайрах, уралдааны дараа үүссэн маргаанууд дээр хүний биед халдах, нэр хүндэд халдах зэргээр маш олон ёсзүйгүй үйлдэл гаргаж, нийгэмд морин уралдааны соёлын нэр хүндийг унагаах ажлыг өөрсдийн гараар хийсэнд харамсаж байна. Анхнаасаа алдаж гаргасан адуу байвал орж ирэхэд нь хасахаар шийдвэрлэсэн байсан. Бид энэ шийдвэрээ л дагасан. Харин санаатайгаар эрлийз адуугаа мордуулж будлиан үүсгэсэн хүмүүс морь нь хасагдах сургаар минийхийг хасаж байгаа бол тэрнийх ч бас эрлийз шүү дээ гэх яриаг гараад явж байсан. Нэг иймэрхүү үл ойлгогдох байдлыг уяачид өөрсдөө үүсгээд бусдын амны зугаа болж байна.

Уг нь моридыг уралдааны замд гарахад сэрвээний өндрийг хэмжиж гаргасан биз дээ?

Сэрвээний өндөртөө орохгүй байгаа нь эрлийз гэж тодорхойлох эхний шалгуурын нэг болдог учраас сэрвээний өндрийг үзсэн. Анхнаасаа сэрвээний өндөр болон үүлдэрлэг байдлыг үзнэ гэж зарласаар байтал ёсзүйгүй хэсэг хүмүүс будлиан үүсгэж элдэв ярианууд гаргасан байна лээ. Сэрвээний өндрийг хэмжих нь ялгалтын комисст туслах чиглэлтэй байсан. Манай аймаг өмнө нь монгол адуу сэрвээний өндөртөө орохгүй тохиолдолд газар дээр нь комисс үзээд мордуулахаар шийдвэрэж байсан нь өөр хаана ч сэрвээний өндрийг үүлдэрлэг байдалтай хослуулан оновчтойгор шийдвэрлэж байгаагүйн жишээ боллоо гэж харсан.

Таван насанд хичнээн морь хасагдсан юм бэ?

Нийтдээ 130 орчим морь хасагдсан. Жавхлант шарга МСУХ-ны бага хурал болж, олонхын саналаар моридыг үүлдэрлэг байдлаар ялган уралдуулахаар шийдсэн. Ялгалтын комисс байгуулах нь олон талын нөлөө хүчин зүйлийг тооцсны үр дүнд маш бага алдаатайгаар ажилласан гэж үзэж байгаа. Хэрвээ тэдгээр 130 адууг ялгаж уралдуулаагүй бол айргийн тавд бүгд эрлийз адуунууд орох байсан. Үүнийг өөрчилж чадсан хүмүүс бол ялгалтын комиссынхон байсан.

Тэгээд яагаад морьд уралдаж ирсний дараа маргаан гарах болов?

Ялгалтын комисст мэдээж хүмүүс ажиллаж байгаа учраас хэд хэдэн алдаа гаргасан. Үүнийх нь төлөө тэр хүмүүсийг шүүмээр байгаа бол эхлээд эрлийз адуугаа Монгол адуутай хамт уралдуулах гэж дайрсан 130 уяачтай асуудлаа ярих нь зөв байх.

Жавхлант шарга МСУХ шинэ бүтэц зохион байгуулалтад ороод хийсэн анхны уралдаан энэ байсан. Мэдээж онцлог зүйлүүд ч байсан байх?

Тийм ээ. Юуны өмнө хамтран ажилласан аймгийн Цагдаагийн газар, ОБГ, ЭМГ, МХГ, МЭГ, ГБХЗХГ, Нэгдсэн эмнэлэг, ТВ5 телевизийн Түмний эх энтертаймент, NTV телевиз, Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчин Түшиг, сэтгүүлч Тэлмэн болон хувь хүн, албан байгууллагууддаа талархал илэрхийлээд ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье. Холбооны тэргүүлэгчид маань муу сайн хэлүүлэн барин өөрсдийн хүчээр хичээн ажиллаж, том ажлын ард гарлаа. Уралдааныг дэмжсэн Монгол Улсын алдарт уяач Гончигийн Чинзориг, Рагчаагийн Мөнхтөр, Сайрийсүрэнгийн Гантөмөр, Энэбишийн Ууганбаяр, Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ нартаа дахин онцгойлон талархал илэрхийлж байна. Энэхүү уралдаан маань монгол адууны наадмын тухайд сүүлийн гурван жилийн хамгийн өндөр бай шагналтай уралдаан болсноороо онцлог. Энэ ч утгаараа олны анхаарлын төвд байлаа. Бид эрлийз адуугаа ч орхигдуулаагүй шүү дээ. Гурван нас уралдуулж, мөн л өндрөөр байлж шагнасан.

Цаашид юун дээр анхаарах шаардлагатай юм байна гэж та бодож байна. Уралдаантай холбоотой гомдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Цаашид холбооны хувьд уяачдын ёсзүйн асуудал дээр онцгойлон анхаарч ажиллах болно. Мөн Үнэдсний их баяр наадмын тухай хууль хэрхэн батлагдахыг харзнаж байна. Энэ хуулиар одоогийн маргаантай олон асуудал шийдэгдэх байх гэсэн байр суурьтай байна. Уралдааны үеэр гарсан гомдлуудыг холбоо зөвхөн бичгээр хүлээн авсан байгаа, мэдээж шийдвэрлээд хариуг нь өгөх болно.

Ярилцсанд баярлалаа.