Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

М.ЭНХЦЭЦЭГ: 33 ОРНЫ ЦЭРЭГТЭЙ МӨР ЗЭРЭГЦЭН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЯВНА

5 дугаар сарын 29 бол Олон улсын энхийг сахиулагчдын өдөр. Энэ өдөр Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн Зэвсэгт хүчний 338 дугаар ангиас Бүгд найрамдах өмнөд судан улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй дэд ахлагч М.Энхцэцэгтэй цахимаар холбогдож цөөн хором ярилцлаа.

Танд баярын мэнд хүргэе. Өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан уу? Одоо хаана үүрэг гүйцэтгэж байгаа вэ?

Баярлалаа. Энхийг сахиулах ажиллагаанд анх удаа үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор Бүгд найрамдах өмнөд судан улсын Беньтю хотын Хубилай баазад байна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 33 орны цэрэгтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж явна.

Таны гүйцэтгэх үүрэг юу вэ?

Би Сүхбаатар аймагт, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн Барилга угсралтын ротын сувилагчаар ажилладаг. 11 дэх жилдээ ажиллаж байгаа. Энд бол мэдээж үндсэн мэргэжлийнхээ дагуу голлох үүргийг гүйцэтгэнэ. Дэлхийн цэрэг тэр дундаа монгол цэргийнхээ эрүүл энхийн манаанд зогсож байгаа гэж ойлгож болно. Үүнийхээ хажуугаар бусад цэргүүдийн адил үүргийг давхар гүйцэтгэнэ л дээ, цэргийн бэлтгэлээс эхлээд харуул, манаанд гарах гээд бүгдийг л адилхан хийнэ.

Одоо байгаа газрын нөхцөл байдал ямар байна?

Дайн, байлдаантай газар хэдий ч одоохондоо цагийн байдал тайван байна. Цаг агаарын хувьд маш халуун, байнгын 35-45 градусын халуун байдаг. Мөн бороо их ордог. Яг одоо энд борооны улирал нь болж байгаа болохоор шумуулаас эхлээд элдэв шавж ихтэй байдаг юм байна.

Анх очиж байсан үе, одоо цаг хоёроо харьцуулбал?

Тэгэлгүй яахав, мэдээж асар их өөрчлөгдсөн. Анх онгоцоор удаан ниссэний эцэст ёстой нөгөө пүн хийсэн гэдэг шиг Африкийн маш халуун оронд буусан. Эхний хэдэн сар хэцүү байсан. Гэсэн хэдий ч монгол хүний дасан зохицох чадвар сайн байдаг учраас одоо бол эндээ дассан. Дайн байлдаантай газар болохоор баазаас гарсан л бол заавал иж бүрэн хувцаслах ёстой байдаг. Мөн анх удаа буун дуун сонсоод их айсан. Хэдийгээр өмнө ажлын шаардлагаар гал нээх, буун дуу сонсох зэрэг нь хэвийн үзэгдэл байсан ч яг ийм газар ирээд буун дуу сонсохоор өөрийн эрхгүй дайн гэдэг нь бодогдоод айдас төрүүлдэг юм билээ. Одоо бол дасчихсан.

Ер нь эх нутгаасаа өөр газар, тэр дунд ийм хүнд хэцүү нөхцөлд ажиллаж амьдрахад юу бодогдож байна?

Эх нутгаа л маш ихээр санадаг юм байна. Энд янз бүрийн л асуудал гарч байдаг. Тэр бүхнийг хараад ямар азаар Монгол орондоо төрөө вэ гэж бодож, эх орноороо өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг юм билээ. Нутагтаа байхдаа нэг их энэ тухай боддоггүй, бас тоодоггүй байж. Харин одоо бол энэ бүхнийг биеэрээ үзэж, мэдэрч байгаа болохоор нутгаа л их боддог юм байна. Дээрээс нь манай монгол цэрэг үнэхээр чадварлаг, маш сайн үүрэг гүйцэтгэгчид байдгийг харж биширч явна.

Мэдээж наанаа өөр өөр орны олон хүмүүстэй цуг байгаа байх. Их зүйл сурч байна уу?

Тэгэлгүй яахав. Газар газрын хүмүүстэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа болохоор харилцан бие биенээсээ суралцах юм их байдаг юм байна. Орон орны зан заншил, ёс уламжлал, хэл гээд л бүгдийг төгс биш ч зохих хэмжээнд сурч л байна. Энд 800 гаруй монгол цэрэг бий. Бид эндээ баяр ёслолыг цомхон тэмдэглэдэг. Монголчууд маань энд бол миний гэр бүл юм даа.

Баяр ёслолын үеэр гэр бүлээ илүү их санадаг гэх юм билээ?

Тийм ээ. Цагаан сараар ээж аав, гэрийнхнийгээ санаад өөрийн эрхгүй уйлсан. Ер нь баяр ёслолын үеэр илүү ихээр санадаг юм билээ. Баяр болгоноор нөхөр, хүүхдүүд маань цахимаар мэндчилгээ дэвшүүлнэ, тэр болгонд л уйлчихна. Уг нь би өөрийгөө их хатуужиотай гэж боддог. Гэтэл үгүй юм билээ. Бүх юм нь эх орноос минь тэс өөр ийм газар удахаар юм л бол нулимс гаргачих гээд байдаг болчихсон.

Гэр бүлийн байдлаа танилцуулаач, тэдэнтэйгээ байнга холбоотой байж чадаж байна уу?

Манайх ам бүл дөрвүүлээ. Би нөхөр, хоёр сайхан хүүгийнхээ хамт амьдардаг. Нөхөр бид хоёр нэг газар ажилладаг, адилхан цэргийн хүмүүс. Тийм ч учраас анх намайг явна гэхэд маш сайн дэмжиж, урам зориг өгсөн. Хоёр хүү маань одоо өвөө эмээ дээрээ байгаа. Ээжийгээ албаа сайн хаагаад ирээрэй гээд үлдсэн. Гэр бүлийнхэтэйгээ долоо хоногт 2-3 удаа холбоо барьдаг. Гэхдээ заримдаа энд огт сүлжээгүй болчихдог юм.

Хайртай хүмүүстээ хандаж юу гэж хэлэх вэ?

Юуны өмнө хамгаас хайртай ээж аавдаа, ханьдаа баярлалаа. Ар талыг минь сайн авч яваа болохоор би энд санаа зовох зүйлгүйгээр үүргээ гүйцэтгэж байна. Энд байхад сэтгэл санаа тайван байх маш чухал юм билээ. Хэдийгээр хайртай хүмүүсээ санаж байгаа ч энд би Энхцэцэг гэдэг хувь хүнээс илүү Монгол эх орныхоо нэрээр яваа болохоор хэцүү гээд шантрах эрх байхгүй. Тиймээс өдөр бүр сайн байхын төлөө хичээж байна. Охин нь үүргээ сайн гүйцэтгээд эх орондоо, ээж аавдаа удахгүй очно оо.

Хамт олондоо болон мөрдөс нэгтнүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

Тэгэлгүй яахав. Энэхүү боломжийг олгосонд танд маш их баярлалаа. Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнд болон мөрдөс нэгтнүүд, цэнхэр дуулгатнууддаа Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жиийн ойн мэндийг хүргэе. Монгол цэргийн яруу алдар бадартугай.

Ярилцсанд баярлалаа.