Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

М.АГИЙМАА: Л.ЭНХ-АМГАЛАН САЙДААС ИХ СУРГУУЛИЙН УРИЛГА ГАРДАЖ АВСАН НЬ ГЭНЭТИЙН ЯВДАЛ БАЙСАН

Хэдхэн хоногийн өмнө БШУ-ы сайд Л.Энх-Амгалангаас их сургуулийн урилга гардаад зогсохгүй цуврал зургийн захиалгыг аваад буй Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн сурагч М.Агиймаатай ярилцлаа.

Өөрийнхөө бие даасан үзэсгэлэнг гаргасан. Үзэсгэлэнгийнхээ талаар яриач?

Анхны үзэсгэлэнгээ “Дурсамж хөтөлсөн бийр” гэж нэрлэсэн. Яагаад ингэж нэрлэх болов гэхээр зурсан зураг бүр минь яг тухайн үеийн дурсамжийг хадгалсан, зургаа харах бүрт зурагтай холбогдох дурсамжуудыг маань сэдрээдэг. Зураг тус бүр миний дурсамж байдаг. Үзэсгэлэнд миний дурсамжийг хөтөлсөн нийт 100 гаруй бүтээл тавигдсан.

Маш олон хүндтэй зочид төлөөлөгч үзэсгэлэнг нь үзэж танилцаж харагдсан?

Тийм ээ. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, аймгийн удирдлагуудаас эхлээд БШУГ-ын дарга, сургуулийн захирлууд, дотуур байрны маань төлөөлөгчид гээд хүндтэй зочид үзэсгэлэнг маань үзэж сонирхсонд маш их баяртай байгаа. Мөн үе тэнгийн найзууд, бусад сургуулийн хүүхдүүд гээд олон зочин, төлөөлөгчид ирж үзэж, танилцсан.

БШУ-ы сайдаас ШУТИС-ийн урилгыг гардан авсанд баяр хүргэе. Тухайн үеийнхээ сэтгэгдлийг хуваалцаач?

Энэ бол маш гэнэтийн үйл явдал байсан. Тухайн үед төрсөн сэтгэгдлээ юу гэж илэрхийлэхээ үнэхээр мэдэхгүй байна. Би юу ч мэдээгүй байсан. Зааланд сууж байхад нэрийг маань дуудаад энэ баярт мэдээг дуулгахад сэтгэл хөөрч, огшиж өөрийн эрхгүй нулимс унагасан. Хайрлаж хүндэтгэдэг багш нарынхаа өмнө салбарынхаа сайдаас урмын үг сонсож, хүндтэй шагнал авна гэдэг хэзээ ч мартагдашгүй үйл явдал байсан.

Ер нь ЕБС-аа төгсөөд ямар чиглэлээр, аль сургуульд сурахаар төлөвлөж байсан бэ?

Аль 10 дугаар ангиасаа л барилгын архитектур, дизайнер мэргэжлээр сурна гэж төлөвлөсөн байсан.

Одоо тэгвэл яг энэ мэргэжлээрээ сурах уу?

Тийм ээ. ШУТИС-д барилгын архитектураар сурна гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж зургаа орхихгүй. Энэ хоёр хоорондоо уялдаа холбоотой.

Сайд Л.Энх-Амгалан чамаар цуврал зураг зуруулна гэсэн. Яг ямар зураг байх юм бол?

Үе тэнгийхний дээрэлхэлт, хүүхэд хоорондын хүчирхийлэлтэй холбоотой цуврал зураг байна. Яагаад ийм сэдвийн зургийг надаар зуруулж байгаа юм бол гэж бодсон. Харин хариулт нь, хүүхэд л хүүхдүүдийн хоорондын зан харилцааг илүү сайн илэрхийлж, гаргаж чадна гэж бодсон юм байна гэж ойлгосон. Тиймээс маш сайн хичээж, зурахыг хүсэж байгаа. Надад үзүүлсэн итгэлийг нь алдахгүй ээ.

Ер нь чамайг анх зураг зурах эхлэл суурийг нь хэн тавьж өгсөн юм бол. Одоо мэргэжлийн багшийн удирдлага дор зурдаг уу?

Ер нь багаасаа л зураг зурах дуртай байсан. Телевизээр гарч байгаа хүүхдийн нэвтрүүлэг, бүтээлийн цагийг хүлээж байгаад үздэг, дагаж хийдэг байсан. Багынхаа сонирхлыг хөгжүүлж яваа гэж ойлгож болно. 10 дугаар ангиасаа сургуулийнхаа дизайн, зураг зүйн З.Оюунтуяа багшийнхаа заавар зөвлөгөөг авч, одоогоор яг удирдлага дор нь суралцаж яваа.

Зурах сэдвийн хувьд юуг илүүд үздэг вэ, эсвэл хүссэнээ л буулгах дуртай юу?

Харанхуй, бүрэнхий зүйлсийг өөрийнхөө гэгээн хүсэл мөрөөдлөөр гэрэлтүүлэхийг би хүсдэг. Хүн бүр, юмс болгон өөр өөрийн гэсэн өнгөтэй, ертөнцтэй. Гэхдээ тэр болгон нь гэрэлтэй, гэгээтэй байгаасай гэж хүсдэг болохоор яг тэр мэдрэмжээ л зургаараа илэрхийлэх дуртай. Зургаа зурахдаа нэг сэдэвт баригддаггүй. Бүхий л сэдвийн хүрээнд чөлөөтэй сэтгэж зурах уртай. Нэг бодсон зүйлээ маш олон хоног тунгаасны дараа цаасан дээр буулгаж байгаад бага багаар засаж сайжруулаад, хамгийн сүүлд нь өнгөтөөр буулгадаг.

Зураг зурах тэр үеийн мэдрэмж ямар байдаг вэ?

Маш гоё асуулт байна. Зураг зурах үеийн тэр мэдрэмж бол яг миний зурах хүслийг хамгийн ихээр төрүүлдэг зүйл. Тийм учраас тэгж хөглөгдөн зурж дуусгасан зургаа дараа нь харах хамгийн гоё мэдрэмж байдаг. Дээр хэлсэн шүү дээ. Нэг зүйлээ маш удаан бодож, тунгаадаг гэж. Тэгж бодон тунгаан байж зурсан зураг маань яг хүссэнээр минь бүтэж, бэлэн болох тэр мэдрэмж үнэхээр гоё.

Гэр бүлийнхэн нь зурахыг нь хэр дэмждэг вэ?

Мэдээж дэмждэг. Бага байхад аав ээж маань хичээлээ хийчихээд дараа нь зургаа зур гэдэг байсан л даа. Харин би зургаа зурчихаад хичээлээ хийдэг байсан. Яагаад ч юм ингэхээр хичээл ном ч маш ойлгомжтой, хийхэд хялбар мэт санагддаг байсан. Одоо бол маш сайн дэмждэг.

Сургуулийн урилгаа салбарын сайдаас гардан авсныг тань хараад охиноороо маш их бахархсан байх. Аав ээжийн ийм бахархалт охин үе тэнгийн найзууд болон дүү нартаа юуг хэлж, захих вэ?

Маш их баярлалаа. Аав ээжийгээ баярлуулна гэдэг тэднийхээ ачийг жаахан ч гэсэн хариулж буй явдал гэж би боддог. Би бусдад зааж, зөвлөнө гэвэл ахдах байх. Гэхдээ, үеийнхээ найзуудад өөрийнхөө зорьсон зорилгодоо тууштай байж, заавал эцсийг нь үзээрэй. Шантармаар байвал хичээж байгаад хөл дээрээ бат зогсоорой. Ялалтын дараа эргээд харахад бүх зүйл амар хялбар бас сайхан байх болно гэж хэлэхийг хүсч байна. Харин дүү нартаа, өөрийнхөө хүсэл сонирхлыг маш зөв олж, тодорхойлж зорилгодоо үнэнч тууштай байгаарай. Үүнийхээ үр дүнг хүлээж суух биш өөрөө үр дүнгээ бүтээгээрэй гэж л захия даа. Хүн өөрөө өөртөө үнэнч байх хамгийн сайхан гэж би боддог.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье?

Баярлалаа.