Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, боловсролын салбарт төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг танилцуулж, 2022-2023 оны хичээлийн жилийн онцлог, УИХ дээр хэлэлцэгдэж буй Боловсролын багц хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр уулзалтын үеэр, багш нараа урамшуулан дэмжих замаар орон нутгийнхаа боловсолын чанарыг сайжруулах зорилгоор маш том хөрөнгө оруулалт хийж буй Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-ын залууст онцгойлон баяр хүргэлээ. Мөн салбартаа олон жил ажилласан багш, ажилчдыг шагнаж урамшуулав.

Ажлын хэсгийнхэн Сүхбаатар аймгийн боловсролын салбарын нөхцөл байдалтай танилцаж, Баруун-Урт сумын 7 дугаар цэцэрлэг, хоёрдугаар сургуулийн үйл ажилагаатай танилцсан. Энэ үеэр Баруун-Урт сумын ерөнхийн боловсролын дөрөвдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Агиймаагийн зургийн үзэсгэлэнг үзэж сонирхон түүнд ШУТИС-д суралцах урилгыг гардуулж, эхний нэг жилийн сургалтын төлбөрийг шийдвэрлэн өгч, цуврал зураг захиалгаар зуруулахаар болсон юм. Мөн хоёрдугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Ц.Анударийг шатрын олон улсын тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Аймгийн БШУГ-ын дарга Л.Байгалмаа Сүхбаатар аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй гол асуудал нь барилга байгууламжуудын удаашралтай холбоотой асуудлыг хөндөөд, шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ирэх шинэ хичээлийн жилээс өмнө ашиглалтад оруулах тал дээр анхаарч өгөхийг хүслээ.