Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

750 СУРАЧ БИЙ БИЕЛГЭЭ ХИЙВ

Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 750 сурагч их жанжин Д.Сүхбаатарын талбайд бий биелгээ хийлээ. Таван төрлийн бий биелгээг нэгтгэн, гурван төрлийн ая хэмнэлд нэгэн зэрэг бүжиглэв. Энэ нь аймгийн хэмжээнд анхдагч онцлог үйл явдал болж буй. Учир нь олноороо ингэж нэгэн зэрэг бий биелгээг төв талбайд хийж байсан тохиолдол урьд нь байгаагүй аж.

Үндэстэн ястан бүр өөр өөрийн соёл, ахуй, зан заншлаа илэрхийлсэн бүжгүүдтэй байдаг. Тэдний нэг бол бий биелгээ. Язгуур урлаг, үүн дундаа бий биелгээний ялгаа, онцлог, төрх хэв шинжийг хүүхдүүдэд таниулж, түгээн дэлгэрүүлэх замаар хүүхдүүдийн бүжиглэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний эв дүйг сайжруулах үүднээс хичээлийн бус цагаар хүүхдүүддээ бүжгээ заасан. Би бүжиглэж чадахгүй гэх нэг ч хүүхдийг үлдээгээгүй. 4-9 дүгээр ангийн бүх хүүхдийг хамруулсан. Мөн үүгээрээ бид сургуулийнхаа зорилго, алсын харааг илэрхийлэхийг зорьсон гэж тус сургуулийн дуу хөгжмийн багш, СТА М.Гэрэлтуяа хэллээ.

Хоёрдугаар сургууль нь үндэсний өв соёлыг дээдлэн дэлгэрүүлэгч болох алсын харааг дэвшүүлсэн байдаг. Үүнийхээ хүрээнд ч төлөвлөгөөт шинэ шинэлэг үйл ажиллагаануудыг нэвтрүүлжээ. Тухайлбал, Даваа гараг бүр тус сургуулийн сурагч, багш нар үндэснийхээ хувцсыг өмсдөг уламжлал тогтсон сургуулиараа өглөө бүр Төрийн дууллаа хамтдаа дуулж, үндэсний ёсолгоогоор хоорондоо мэндчилдэг болжээ.