Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХОЁРДУГААР СУРГУУЛЬ ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД УРЛАГИЙН ЗААЛТАЙ БОЛНО

Баруун-Урт сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль 20 жилийн турш урлагийн заалгүй, өөрөөр хэлбэл урлаг соёлын бүх арга хэмжээг спорт зааландаа зохион байгуулсаар өнөөг хүрсэн. Тэгвэл ирэх хичээлийн жилд тус сургууль стандартын урлагийн заалтай болно.

Тодруулбал улсын төсвийн 600 гаруй сая төгрөгийн өртөгөөр урлагийн заал барих ажлыг өнгөрсөн оны намар эхлүүлсэн. Одоогоор барилгын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байгаа бөгөөд БНХАУ-ын хил хаалттай байгаагаас үүдэн зарим материалууд нь хүлээгдээд байгаа аж. Дээвэр болон бусад хэрэгслүүдийг захиалгаар бэлэн болгосон, хилээр орж ирмэгц угсралтын ажлууд хийгдэн, ирэх долоодугаар сард хүлээлгэн өгөхөөр гүйцэтгэгч компани ажиллаж байна.

Энэхүү заал нь 23*18 харьцаатай, 150 хүүхдийн суудалтай. Заал ашиглалтад орсноор хичээлээс гадуурх үйл ажиллагаа, дугуйлангуудыг хичээллүүлэх ч боломж бүрдэх юм. Учир нь 650 хүүхдийн суудалтай сургуулийн ачаалал хоёр дахин нэмэгдэж 1200 орчим сурагчтай болсон. Үүний улмаас дуу хөгжмийн өрөө, хөгжим бүжгийн дугуйлан хичээллүүлэх анги танхимгүй болсон байжээ.