Аймгийн ХХҮГ-аас ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах чиглэлээр нийтийг хамарсан ажлыг 6 дугаар сарын 13-наас эхлүүлсэн. Энэ хүрээнд Баруун-Урт сумын ЗДТГ-аас 20 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллуулж байна. Эдгээр иргэд нь наадмын хуучин талбайд гоёлын мод 45 ширхэг, агро паркад 2100 ширхэг хайлаас модыг суулгажээ.
Мөн тавдугаар тойргийн модыг хамгаалж хашсан 12 мянган метр газрын хашааг сэргээн засварлах, ХАА-н цогцолборын хүнсний ногоог усалж арчлах, нийтийн эзэмшлийн зарим хашаа хайсыг засварлах ажлуудыг хийж байна.
Дээрх иргэдийг сонгохдоо өрхийн амжиргааны түвшин доогуур, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхүүдээс сонгожээ. Тухайн иргэд нь 10 хоногийн хугацаанд ажиллах бөгөөд өдрийн 40 мянган төгрөгийн цалинтай аж.