Монгол Улс дахь Японы хүүхдийг ивээх сан, АНУ-ын Засгийн газар, Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй EPIC төслийн зүгээс 21 аймгийн хамгийн алслагдмал 100 суманд хүчилтөрөгчийн жижиг баллонууд болон хүчилтөрөгч эмчилгээ хийх, хүнд өвчтөнийг баллонтой хүчилтөрөгчөөр амьсгал дэмжин тээвэрлэхэд шаардлагатай дагалдах хэрэгслүүдээр хангахаар худалдан авалтын үйл ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Үүнд тус аймгийн 5-6 сум хамрагдана.
Төслийн хүрээнд дээрх технологийг нэвтрүүлэхийн өмнө Сумын эрүүл мэндийн төвийн хүчилтөрөгч эмчилгээний хэрэгцээ, шаардлага дээр үндэслэн эко системийг сайжруулах, Сумын эрүүл мэндийн төвийн түвшинд КОВИД-19-ийн халдварын эсрэг хариу арга хэмжээг бэхжүүлэхэд шаардлагатай нэмэлт сургалтуудыг улс орон даяар зохион байгуулж байна. Уг сургалт Сүхбаатар аймагт 6 дугаар сарын 24-нд эхэлсэн бөгөөд гурван өдөр үргэлжилнэ. Сургалтад 13 сумын ЭМТ-ийн эмч ажилтнууд болон АНЭ-ийн зарим эмч мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Хэдийгээр улс орны хэмжээнд цар тахлын нөхцөл байдал харьцангуй намжмал байгаа ч вирусний дараагийн хувилбар эсвэл ижил төстэй халдварт өвчин гарсан тохиолдолд эрүүл мэндийн тогтолцоо бүхий л шатлалд бэлэн байх ёстой. Ялангуяа эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын чадавхийг сайжруулах хүрээнд энэхүү гурван өдрийн сургалтыг явуулж байна. Сургалтын өмнө төслийн багийнхан хүчилтөрөгчийн эмчилгээний чадавхийг тусгайлан судалсан. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг одоогийн байдлаар 15 амьсгалын аппараттай. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад боломжийн үзүүлэлт. Гэвч сумын ЭМТ-үүд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратаар эмчилгээ үзүүлж байна. Тиймээс цаашид анхан шатанд хүчилтөрөгчийн баллоныг хэрхэн ашиглах талаарх сургалтыг мөн голлон өгч байна гэж Эрүүл мэндийн төслийн зохицуулагч, их эмч Б.Гантулга хэллээ.
Халзан сумын ЭМТ жилд 2000 орчим хүнд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлдэг бол, 250-300 иргэнийг тус хугацаанд хэвтүүлэн эмчилдэг. Хүчилтөрөгчийн эмчилгээг хүчилтөрөгч өтгөрүүлэгч хоёр аппаратаар үзүүлж байсан. Шаардлагатай тохиолдолд аппаратаа машины чиргүүл дээр тавиад айл өрхүүдээр явж тусламж үзүүлдэг байсан бол сүүлд цар тахлын үед орон нутгийн хөрөнгө оруулалтаар хүчилтөрөгчийн баллонтой болсон. Ингэснээр өвчтнийг замд тээвэрлэхэд ямар нэг хүндрэл гарахгүй байхаас эхлээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд олон талын ач холбогдолтой болсон. Гэхдээ баллоноор хэрхэн аюулгүй эмчилгээ үйлчилгээ үзүүлэх талаар анхан шатны эмч ажилтнуудын хувьд үнэхээр мэдлэг дутмаг байдаг тухай Халзан сумын ЭМТ-ийн их эмч Г.Отгонцэцэцэг ярилаа.
Монгол Улс дахь Японы Хүүхдийг Ивээх Сан нь КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэх зорилгоор АНУ-ын Засгийн газар, Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Монгол улсад КОВИД-19-ийн хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих” (EpiC) төслийн хүрээнд 8 дугаар сард Яаралтай үеийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх сангийн нэмэлт хсанхүүжилтээр дээрх хөрөнгө оруулалт болон олон шатлалт сургатуудыг зохион байгуулж байна.