Аймгийн БОАЖГ-аас монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг хийлээ. Тодруулбал, таван сумын долоон байршилд 1-4 насны эр 59, эм 141 аймгийн хэмжээнд нийт 200 толгой монгол тарвагыг нутагшуулжээ. Уг ажлыг орон нутгийн хөгжлийн сан, Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардал, төсөл хөтөлбөр болон иргэдийн хандив тусламжаар хийсэн бөгөөд 76 сая төгрөг зарцуулсан байна.
БОАЖГ-аас 19 сая төгрөгөөр 80 толгой Монгол тарвагыг Дарьганга, Сүхбаатар Түмэнцогт суманд, Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт биологийн олон янз байдлыг хамгаалах төслөөс 30 сая төгрөгийн санхүүжилтээр 50 толгой Монгол тарвагыг Түмэнцогт сумын Хар ямаатын байгалийн нөөц газарт, Мөнххаан сумын ЗДТГ-аас орон нутгийн төсвөөр 20 сая төгрөгөөр 50 толгой Монгол тарвагыг Мөнххаан ууланд, Халзан сумын иргэн Б.Отгонбаяр нь өөрийн болон хандив тусламжаар долоон сая төгрөгөөр нийт 20 толгой Монгол тарвагыг Халзан сумынхаа хоёр газарт тус тус нутагшуулсан байна.
Дээрх ажлыг байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах зорилгоор хийсэн бөгөөд амьтан асран хамгаалах мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийжээ. Харин тарвагуудыг Хустайн байгалийн цогцолборт газраас тарвагуудыг авчирсан банйа.
Тарвага сэргээн нутагшуулснаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсний доройтол, цөлжилтийг сааруулах, хөрсний агаарын солилцоог хангаж, ургамалжилт болон ургамал нөхөн сэргэхэд чухал үүрэгтэй аж.