Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭСҮХИЙН МЭНДЧИЛГЭЭ

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баярын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр, Эрхэм хүндэт Сүхбаатарчууд аа, тал нутгийн оюунлаг, хөдөлмөрч ард иргэд ээ.  Та бүхэнд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жил, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жил болон Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд харийн эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулж, ардын засгийн анхны наадмаа хийснээс хойш эдүгээ нэгэн зууныг үджээ. Өнгөрсөн зуун жил бол улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, эх орноо батлан хамгаалсан, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, аж үйлдвэр зэрэг бүх салбарт үсрэнгүй хөгжиж, монгол хүн сансар огторгуйд хүрч, ардчилсан нийгмийг цогцлоосон “Тусгаар тогтнол Хөгжил дэвшил”-ийн зуун байлаа. o Түүхт ойн босгон дээр Ардын хувьсгалын удирдагчдын нэг, төр, нийгмийн зүтгэлтэн их жанжны алдрыг мөнхөлсөн Сүхбаатар аймаг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнагдсанд халуун баяр хүргэе. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд Сүхбаатар аймгийн хүн ам 29.1 мянгаас хоёр дахин, мал сүрэг 800 мянгаас тав дахин өсөж, төвлөрсөн эрчим хүч, харилцаа холбооны шугамтай, хатуу хучилттай авто замаар нийслэл хоттойгоо холбогдсон, худалдаа арилжаа, эдийн засаг, хөгжлийн өргөн боломжтой нутаг болон хөгжжээ. o Мөн Сүхбаатарчууд удаан хугацааны шаргуу хөдөлмөр, бүтээлч оюун ухаанаараа шилмэл омог үүлдрийн мал сүргийг бий болгон, шимт монгол малын үүлдэр угсааг сайжруулан улс эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирснийг цохон тэмдэглэж байна. Сүхбаатар аймаг бол онгон дагшин байгаль, хялганат хээр тал, шил хөндий, эрт эдүгээгийн домог тээсэн уул хайрхад, төрийн тахилгат Алтан овоо, Шилийн Богд уул, Талын агуй, Ганга нуур, галт уулс, эртний түүхийг хүүрнэсэн хүн чулуудыг агуулсан, шандаст хурдан хүлгүүд давхисан, хунгийн сүрэг чуулсан, зээрийн сүрэг налайсан нүүдлийн соёл иргэншлийн дахин давтагдашгүй өвийг хадгалсан Монголын түүх соёлын өлгий нутаг юм. Алтан овоо, Шилийн Богд ууландаа сүсэглэдэг Сүхбаатарчуудаас эх орныхоо төлөө хүчээ өгч, хөдөлмөрөө зориулсан Улсын баатар, хөдөлмөрийн баатар, төр нийгмийн гавьяат зүтгэлтэн, ардын цолтон, алдар суутнууд, хөдөлмөрийн сайчууд, билиг авьяастнууд олноор төрсөн билээ. Төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил–10 зорилт” хөгжлийн санаачилгын хүрээнд Ази Европыг холбосон эдийн засгийн коридорыг бий болгох төмөр замын зүүн коридор барих, Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон дэд бүтцийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр зүүн бүс нутгийг түшиглэсэн Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны шинэ боломжууд бүрдэж, Монгол Улсыг далайд гарах гарц руу хөтлөх бас нэгэн дөт зам бий болох болно. Тал нутгийнхаа гал голомтыг сахисан Та бүхэнд болон эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй нийт Сүхбаатарчууддаа Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, амьдралд нь аз жаргал, ажилд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. o Түүхэн энэхүү ойгоо Та бүхэн өнгө төгөлдөр, цог жавхлан төгс тэмдэглээрэй.  Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.