Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БУЙРЫН ЭРЭГТ БУЙДХАН ЧУУЛСАН ЭХ ДЭЛХИЙН СЭТГҮҮЛЧИД…

Эх дэлхий бол бидний цорын ганц гэр орон. Хүн төрөлхтөн бид дэлхий гэх нэгэн дээвэр дор оршиж буй. Гэтэл сүүлийн жилүүдэд хүн төрөлхтний санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл бол дулаарал, байгаль эхийн энэ их хувьсан өөрчлөгдөж буй явдал. Одоо хэрхэх вэ? Санаа чилээх бус хүн бүр, дор бүрнээ өөр өөрийн чадах зүйлээ хийх нь бидний үүрэг болжээ. Тийм ч учраас орон нутгийн сэтгүүлчид “Бид эх дэлхийн сэтгүүлчид” уриан дор нэгдэн ээлжит 4 дүгээр форумаа амжилттай хийлээ.

МСНЭ-ийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн санаачлагыг МСНЭ, Дорнод аймгийн удирдлагууд дэмжин ээлжит форумыг онцгой зохион байгуулав. Онцгой гэдгийн учир нь буурал талын сувд Буйр нуурын эрэгт эхний өдөр, Халхын голын дайны түүхийг сануулж, дарийн утаа үнэртэм Ялалтын музейн танхимд удаах өдөр нь салбарынхаа асуудлыг, чуулганыхаа зорилгыг хэлэлцэж, ирээдүйн зорилтоо тодорхойлсон юм. Форумдаа оролцохын тулд Монгол орныхоо баруун хязгаараас зүүн хязгаарт ирсэн Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлийн дарга Бердибэкээс эхлээд салбараа гэх сэтгэл нь салж өгдөггүй яг л тийм гишүүд энд чуулсан юм.

Тал талаасаа уулзалдаад, тал нутаг Дорнод аймагт эхний өдөр өнжив. Аймгийнх нь орлогч дарга Ш.Ёл биднийг хүндтэйгээр угтан авлаа. Оройн хоол, өглөөний уулзалтаар аймаг орон нутгийнхаа мэдээллийг өгсөн. Тус аймаг 84 мянган хүн амтай. Үүнээс 50-аад мянга нь төвдөө суурьшдаг. Боловсролын хамрагдалт, ЭЕШ-ын үзүүлэлт, хувь хүний хөгжил зэргээрээ манлайлагч аймаг. Орлогч даргын мэдээллээс хамгийн ихээр таалагдсан нь тэд өөрсдийгөө сурталчлах бус ард иргэддээ үнэн бодит мэдээллийг өгөхийн тулд орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тогтмол дэмжиж, хамтран ажиллаж, хүндэтгэлтэй ханддаг гэх өгүүлбэр байсан юм. Дорнод аймаг долоон телевиз, хоёр сонин, хоёр видео сайт, хоёр сэтгүүл, зургаан сайт, видео бичлэгийн нэг студитэй. Эдгээр нийт 60 гаруй хүн ажиллаж байгаагийн ихэнх нь залуучууд. Орон нутгийн удирдлагуудын зүгээс хэвлэл мэдээллийн салбарын ажилчиддаа орон сууцны хөнгөлөлт, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүлсэн байна. Энэ бол маш том дэмжлэг. Салбарын залуучуудаа ингэж дэмжиж, урамшуулж чадаж байна гэдэг салбар зөвлөлийн тэргүүн Д.Дэлгэрмаагийн удирдлагууддаа өөрсдийгөө зөвөөр ойлгуулж, харилцан ашигтай хамтарч ажиллаж буйгийн илрэл биз ээ.

Дорнод аймаг олны хөлийн газар гэдгээрээ бүх зүйл нь цаанаа л нэг өөр. Аялал, жуулчлалын нутаг учир гадна, дотноос жуулчид их ирдэг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбартаа онцгой анхаарч байгаа аж. Захын нэг буудалд нь буугаад, дэлгүүрээр н үйлчлүүлээд  гарахад л энэ нь ч мэдрэгдэж байлаа. 2019 оноос хойш жуулчдынх нь тоо 10 дахин өсөж, зөвхөн Буйр нуур орчимд байсан жуулчны бааз нь 18-аас 28 болж нэмэгдсэн тухай БОАЖГ-ын дарга нь яриандаа дурдаж байлаа.

Мөн тус аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжих замаар хүний хөгжил, ажлын байр, өрх болон ЖДҮ-г дэмжиж ажилладаг. Манай улсад одоо уул, уурхайгүй аймаг цөөн. Зөв ашиглаж , зөв зарцуулж чадвал уул уурхай улс эх оронд ч, аймаг орон нутагт ч хэрэгтэй. Жишээлбэл, Дорнод аймгийн Цагаан овоо суманд “Алтан Цагаан овоо” төслийг Степ гоулд ХХК хэрэгжүүлдэг. 2016 онд байгуулагдсан компани ном дүрмээр нь зөвшөөрлөө авч, 2018 онд хөрс хуулалтын үйл ажиллагаа нь эхэлсэн. Уурхайн ажилчдын 70 хувь Цагаан овоо сумынх, сарын дундаж цалин 1,5 сая төгрөг. Орон нутагтай байгуулсан гэрээний дагуу цар тахлын үед бүх төлбөрөө хугацаанд нь төлж, ажилчдаа цомхтгоогүй гэнэ. Олборлолтод ашигласан усаа 98 хувь дахин ашигладаг. Гүний ус, хөрсний шинжилгээгээ орон нутгийн иргэдтэй хамт хийдэг. Орон нутгийн ургамлын үрийг суулгах, 2 төрлийн модыг олон төрлөөр тарих зэргээр нөхөн сэргээлтийн туршилт хийгдэж байгаа. Үүнээс гадна Булаг хаших, тарвага нутагшуулах ажлыг тогтмол хийж байгаа, жил бүр сумын оюутнуудад 100 сая төгрөгийн тэтгэлэг үзүүлдэг. Малчдын худаг, малжуулах, гэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжиж 2021 онд 2,1 тэрбум төгрөгийн худалдан авалтыг зөвхөн тус компани хийсэн гээд нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд, мөн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр идэвх санаачлагатай ажилладаг юм байна. Ийн мэдээллээр алдарт Мэнэнгийн талаар давхин Буйр нуурын эрэгт эхэлсэн форумыг нээж хэлснээ үгэндээ  “Дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа сорилтууд болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны бохирдол, хөрсний доройтолтой тэмцэх, ойн нөөцийг нэмэгүүлэхийн тулд мод тарьж ургуулах нь ахмгийн зөв гарц гэж үзсэн төрийн тэргүүний санаачлагыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн бид ч дэмжин гар бие оролцож, дуу хоолойгоо нэгтгэх нь зөв гэж үзэж байна. Мөн байгаль эх, газар шороо маань уул уурхайн буруутай үйл ажиллагаанаас болж хэрхэн сүйдэж байгааг нүдээрээ харж байна. Тиймээс үүний эсрэг дуу хоолойгоо нэгтгэж хариуцлагагүй уул уурхайтай тэмцэх, нөгөө талаар хариуцлагатай уул уурхайг нийтэд ил тод мэдээлж, тэдний зөв ажлыг нийтэд түгээн дэлгэрүүлэхийн тулд бид хамтрах хэрэгтэй. Энэ бүхэнтэй холбоотой уриалга, санал санаачлагыг бид форумын явцад гаргаж, түүнийгээ батлана. Улмаар энэ бүгдийгээ ажил хэрэг болгох учиртай.” хэмээн тодотгов.

Хоёр дахь өдрийн өглөө нь эх орныхоо торгон хилийн зурвасаас форумаа үргэлжлүүлэв. Мянга сонсохоор нэг үз гэдэг. 1939 оны Халхын голын дайн өрнөсөн алдарт Баянцагааны нурууг дамнасан дайны үеийн цаг үе, үйл явдалтай холбогдох газар нутаг, хөшөө дурсгалуудыг үзэж, Улсын тэргүүний Халх гол сумтай танилцсан юм. Тус сум монгол орныхоо зүүн хязгаарыг манадаг. Сумын нутаг дэвсгэрт 154 хөшөө дурсгал байхаас 44 нь Халхын голын дайнтай холбогдох дурсгалууд аж. Мөн Ялалт музейд нь дайны үйл ажиллагааг харуулсан фото зураг, байлдааны бүдүүвч зураг, зэр зэвсэг, хувцас хэрэгсэл, ахмад дайчдын эд өлгийн зүйл зэрэг 1000 гаруй сонирхолтой үзмэр бий. Монголын ард олны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж, алтан амиа өргөсөн олон арван дайчдын гэгээн дурсгалд зориулсан хөшөө дурсгалуудыг хараад ач холбогдолтой, өндөр үнэ цэнтэй хөшөө дурсгалууд байхын ач тусыг мэдэрч, бас биширч явлаа. Ялалт хөшөө. Энэ бол Халхын голын ялалтын түүхт 45 жилийн ойд зориулан босгосон 110 тонн металлаас бүтсэн хөшөө. 27м суурьтай, 54м өндөр, 33м өргөн, 7 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар тооцоолж хийжээ. Үнэхээр сүрдмээр…

Арван жилийн сургуульд түүхийн хичээлээр заалгаж, бас бус зүйлсээс сонсож байсан бүхнээ өөрийн нүдээр үзэж, харах нь яг л энэ тухай анх удаа сонсож буй мэт. Ийм шинэ мэт мэдээллийн араас форумынхаа дэгт эргэн орж, Ялалт музейн танхимд биднийг гээд зориод ирсэн илтгэгч багш нарынхаа мэдээллийг сонслоо. Мэргэжлийн мэдээллээс гадна БОАЖЯ, Экологийн цагдаагийн албанаас сэтгүүлчдэд мэдээлэл өгч, хэрхэн хамтран ажиллах боломжтой, ингэснээр хүрэх үр дүнгийн талаар хэлэлцсэн нь сонирхолтой бас шинэхэн байсан. Тэд бүгд л биднээс нэг л зүйлийг хүсч буй. Эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүн ардыг зөв цэгцтэй мэдээллээр хангахыг бас уриалахыг… Бид ч нутаг буцаад аймаг аймагтаа энэ хүсэлтийг нь хэрэгжүүлэхийн төлөө хичээх нь дамжиггүй.

Зохион байгуулалт, бэлтгэл бэлэн байдал зэргийг дээд зэргээр хангаж, сэтгэл зүтгэл бүхнээ зориулж форумаа зохион байгуулсан МСНЭ-ийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн залуус үнэхээр бахархмаар. Зорьсон зүйлийнхээ төлөө яг нэг хүн шиг зүтгэж, хамтаараа лаг байсан хамт олонд талархъя. Хэвлэл мэдээллийн салбарт тэр дундаа орон нутагт үнэхээр ажилдаа дуртай, хайртай чин сэтгэлтэй хүн л ажилладаг. Үүнийг ч тэднээс олж харан өөртөө цэнэг хураагаад авлаа. Сүүлийн гурван жил шагнагдаагүй тус салбар зөвлөлийнхөнд эдгээр өдрүүдэд шагналын хур буусан. Энэ нь ч цагаа, эзнээ олсон байсан. МСНЭ-ийн удирдлагууддаа баярлалаа.

Гурван өдөр үргэлжилсэн форумын тухай точвхондоо ийм. Бусад нарийн ширийн гоё сайхныг нь өөртөө дурсамж болгон үлдээе. Нутгаасаа гарахаас эхлээд ирэх хүртэл бүхий л цаг хугацаа, үйл явдал дурсамж байлаа. Энэ бүхнийг санаачилсан, хамтран зохион байгуулсан, гар бие оролцсон, оролцоогоо хангасан бүгдэд дахин баярлалаа. Дараа жилийн форум даан ч хол байна даа…