Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ДАХИВАР ХОГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Аймгийн төвийн хатуу хог хаягдлын менежементийн төслийн хүрээнд Сүхбаатар аймагт дахивар хог хаягдлыг боловсруулах үйлдвэр туршилтаар ажиллаж эхэллээ. Тус үйлдвэрт кардонон цаас, хуванцар сав, лааз, шил зэргийг төвлөрүүлж ашиглах боломжгүйг нягталж хог хаягдлын төвлөрсөн цэгрүү тээвэрлэдэг бол, дахин ашиглах боломжтойг боловсруулах зориулалттай юм.

Жишээлбэл, хуванцраар хашаа хайсны шонг туршилтаар хийж эхэлсэн бөгөөд цаашид явган замын хавтан, замын бордюр зэргийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Харин шилийг жижиглэн бутлаж тахианы нэмэлт тэжээл гарган авч байна. Ашиглах боломжгүй хатуу хог хаягдлыг нягтруулж прэссэлснээр хог хаягдлын төвлөрсөн цэгрүү хог зөөх хөдөлгөөн 2-3 дахин багассан байна. Хогийг тусгай төвлөрсөн цэгт ландфиллын аргаар устгалд оруулна.

Мөн төслийн хүрээнд дахин боловсруулах хогийг худалдан авах цэгийг байгуулжээ. Гурван хэсэгт байрлах цэг нь тогтмол ажиллах бөгөөд гялгар уут, хуванцар сав зэргийг нэг килограмм нь 250, лаазыг 400 төгрөгөөр худалдан авдаг байна.

Ингэж дахивар үйлдвэр болон дахин боловсруулах хог худалдан авах цэгийг бий болгосноор орон нутгийн 10 гаруй иргэн ажлын байраар хангагджээ. Мөн хог хаягдлын менежментийг сайжруулах ажлыг төр дангаар гүйцэтгэх бус ЖДҮ эрхлэгчдэд хогийг дахин боловсруулж үйлдвэрлэл эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой ажээ.