Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны холбогдох газрын дарга нар 9 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд тус аймагт ажиллалаа.Ажлын хэсгийнхэн томилолтын эхэнд Сүхбаатар аймгийн Засаг дарга, холбогдох байгууллагын удирдлага, төлөөлөлтэй уулзалт хийж, аймгийн бүтээн байгуулалт, хот төлөвлөлтийн болоод яам, салбарын хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг сонсож, санал солилцов. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь орон нутагт хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгсөн юм.
9 дүгээр сарын 19-нд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Баруун-Урт суманд баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцаж, байгууламжийг 11 дүгээр сарын 15-ны дотор ашиглалтад оруулж, бохир ус хүлээн авч, тохируулга хийхийг гүйцэтгэгчид үүрэг болголоо. Мөн зарим газрын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж холбогдох үүрэг, чиглэлийг өгөв. Тэрбээр, Сүхбаатар аймагт хэрэгжиж буй хатуу хог хаягдлын менежментийн төслийн хэрэгжилттэй танилцан онцлох, бусад орон нутагт жишиг болгон хэрэгжүүлэх шинэ шинээг ажлууд их байгааг хэлээд хуучин хогийн цэгийг нөхөн сэргээж буйтай холбоотойгоор ажлын хэсгийнхний хамтаар мод тарьж, 2022 оны намрын мод тарилтыг албан ёсоор эхлүүлж буйг зарлав.