Сүхбаатар аймгийн Жавхлант шарга МСУХ-ноос АНЭ-ийн хүүхдийн тасагт 50 сая төгрөг хандивлалаа. Энэ нь тасгийн засварын ажилд зарцуулагдах бөгөөд тус тасагт 2018 оноос хойш засвар хийгдээгүй юм байна.
Хандивын үйл ажиллагаанд Сүхбаатар аймгийн 80 жилийн ойн баяр наадмаар азарга, соёолон, шүдлэн насны морьдын уралдаанд түрүү хүртсэн уяачид голлох үүргийг гүйцэтгэжээ. Улмаар хандивыг МУАУ Ж.Мөнхсүрэн, Жавхлант шарга МСУХ-ны тэргүүн Т.Баярхүү болон тэргүүлэгчдийн төлөөллүүд гардуулав.
МУАУ Ж.Мөнхсүрэн хэлэхдээ, аймгийн түүхт ойгоор азарга маань түрүүлж уясан эзэн, унасан хүүхэд, нутгийн зон олноо баясгасан. Тиймээс хурдан буянгийнхаа бай шагналаас түмэнтэйгээ хуваалцахыг хүссэн учир Жавхлант шарга МСУХ-оос гаргасан санаачлагыг дэмжиж, таатайгаар хүлээн авсан. Бид ярилцаад АНЭ-ийн хүүхдийн тасгийг сонгосон. Учир нь өвдөж зовсон хүүхэд багачууд маань сайхан орчинд байвал таатай, сэтгэл санаа өөдрөг байхаас эхлээд өвчнөө мартаж хурдан эдгэрнэ шүү дээ. Ийм сайхан буянтай үйл ажиллагаанд нэгдэж, гар бие оролцож байгаадаа маш их баяртай байна гэлээ.
Хүүхдийн тасагт жилд 1000 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Сахиуртай нийлээд 2000 давна. Бага насны хүүхдэд орчин хамгийн чухал. Тасаг нэг үеэ бодвол шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан учир засвар хамгийн чухал байсан. Энэ асуудал шийдэгдэж удахгүй бүрэн засвар хийгдэх болсонд үнэхээр баяртай байна. Хүүхэд багачуудын төлөө санаачилсан бүхэнд нь маш ихээр талархаж буйгаа тасгийн эмч, сувилагчид хэлж байлаа.
Жавхлант Шарга МСУХ нь уяач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс АНЭ-тэй байнгын хамтран ажилладаг. Тиймээс ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудынхаа төлөө сайн үйлс хийх санаачлагыг уяачид маш таатай хүлээн авч дэмжсэн. Засварын ажил эхэлсэн. 11 дүгээр сарын сүүлээр дуусгахаар төлөвлөсөн. Дотоод засал болон өрөөнүүдийн тохижилтын ажлууд хйигдэнэ гэдгийг Жавхлант шарга МСУХ-ны тэргүүн Т.Баярхүү хэллээ.