10 жилийн хугацаанд 10 сая мод тарих ажлын хүрээнд БОАЖГ-аас аймгийн ЗДТГ-тай хамтран “Тарьц суулгац-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаанд таван ААН, нэг иргэн 3-6 насны 19 нэр төрлийн мод сөөгийг 3500-80 мянган төгрөгийн хооронд худалдан борлуулж байна.Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа хоёр өдөр үргэлжилнэ.
Сүхбаатар аймагт 10 сая мод тарих ажлыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. 2024 он хүртэл бэлтгэл ажлаа бүрэн хангах, модны үрсэлгээг хангалттай хийж, арчилгаа тордолгооны багаж хэрэгслээ сайжруулах зэргээр материаллаг баазаа бэхжүүлнэ. Ингээд 2025 оноос үрслүүлсэн модоо их хэмжээгээр тарина. Бэлтгэл ауил хангах хугацаанд мэдээж жилдээ хавар, намрын тарилтаа хийнэ. Бэлтгэл хангах хүрээнд сум тус бүрт 430 ширхэг суулгац, мөн модыг хэлбэржүүлэх, тайралт хийх автомат гар хадуурыг олгож байна. Цаашлаад шаардлагатай тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангаад явна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхэлсэнтэй холбоотойгоор иргэд мод тарих идэвх маш их нэмэгдсэн. Ялангуяа сүүлийн жилүүдэд айл өрхүүд улиас, хайлаас гэхээс илүүтэй жимсний мод тарих хүсэл сонирхолтой болсон байна. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд олон төрлийн жимсний моднуудыг худалдаалж байна гэж аймгийн БОАЖГ-ын дарга О.Батнасан хэллээ.
Түмэнцогт сумын Жимст тал хоршооны хамт олон таван төрлийн 5000 ширхэг суулгацтай үзэсгэлэн худалдааг зорьж иржээ. Нийтийн эзэмшлийн талбайд тарих хайлаас түлхүү авчирснаас гадна дөрвөн төрлийн жимсний мод бий. Мод тарих ажил эрчимжиж байгаатай холбогдуулан үрсүүлгийг маш сайн хийж байна. Тарьц, суулгацын нөөц хангалттай бий. Одоогоор хайлаас модны 100 мянга, жимсний болон гоёлын модны 60 орчим суулгацны нөөцтэй байна. Нутгийн иргэдээ суулгацаар бүрэн хангаж байгаа гэж хоршооны ахлах Д.Энхтөр ярилаа.