Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ БОЛОВСОН ХҮЧИН ДУТМАГ БАЙГАА НЬ ЦАЛИНТАЙ ХОЛБООТОЙ

Сүхбаатар аймгийн хэмжээнд 460 орчим төрийн захиргааны албан хаагч бий. Энэ албанд жилдээ 20-40 албан хаагч шинээр ордог. Гэвч сүүлийн жилүүдэд төрийн захиргааны албан тушаалд ажиллах албан хаагч ховор болжээ. Ялангуяа сумдын ЗДТГ-т мэргэжилтэй албан хаагч маш их дутагдалтай байна.  Энэ нь төрийн албан хаагчийн цалин хөлстэй холбоотой гэлээ.

Төрийн албаны шалгалтад шинэ төгсөгчид олноор ордог ч тэнцээнд төрийн албандаа орлоо гэхэд тогтвортой ажилладаггүй. Хэдхэн сар ажиллаад шилждэг, эсвэл өөр салбарлуу ордог. Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах шаардлага хаа хаанаа бий болсон. Тиймээс төрийн албан хаагчдын цалингийн системийг эргэн харах, цалингийн хэмжээг нэмэгдүүлэх цаг нь болсон гэж үзэж байгаагаа Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Баямөнх хэллээ.

Орон нутагт ажиллаж буй албан хаагчид ихэнхдээ ТЗ4, ТЗ5,ТЗ6 гэсэн ангилалд хамаардаг. Шинээр ажилд орсон албан хаагч 625-690 мняган төгрөгийн цалинтай бөгөөд үүнээс татварын шимтгэл суутгаад гар дээрээ 400 гаруй мянган төгрөгийн цалин авч байна. Шинэ ажилтнуудын хувьд ямар нэг нэмэгдэл байдаггүй,2-3 жил ажилласаны дараа зэрэг дэвийн, 5 жилийн дараа төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл гэж авдаг байна. Төрийн захиргааны албан хаагчийн цалингийн шатлал Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тогтоолоор батлагдсан байдаг.