Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-аас хоёр дахь жилдээ зохион бйагулж буй Шилдэгбагш шалгаруулах уралдааны 2 дугаар шатанд шалгарсан багш нарын шагналыг гардууллаа. ЕБС-ийн 40, СӨБ-ын ес нийт 49 багшийг тус бүр 3 сая төгрөгөөр урамшуулсан юм.
Шилдэг багш нарын шагналыг УИХ-ын гишүүн Н.Ганибал, Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Баярхүү, аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, БШУГ-ын дарга Л.Байгалмаа болон багш нарын төлөөлөл хамтран гардуулав.
Уралдааны гол зорилго сургалтын чанарыг дээшлүүлж, Сүхбаатар аймаг ЭЕШ-ын үзүүлэлтээрээ улсад тэргүүлэх явдал. Өнгөрсөн жилийн ЭЕШ-ын оноогоор эхний тавд орж, тэргүүлэгч аймгийн нэг гэдгийг баталлаа. Цаашид бид дахин шат ахиж урагшлах учиртай гэдгийг Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-ын Удирдах зөвлөлийн тэргүүн Т.Баярхүү нээлтийн үгэндээ тодотголоо.
Харин аймгийн БШУГ-ын дарга Л.Байгалмаа хэлэхдээ, жил жилийн багш нарын баяр онцлогтой байдаг. Энэ жилийн хувьд олон гэнэтийн бэлэгтэй, шагналын хур буусан, амжилт арвинтай жил байна. Түүний нэг бол энэхүү шилдэг багш нарыг тодруулж, урамшуулж байгаа явдал юм. Энэ хэдийгээр багш нарын хөдөлмөрийг үнэлж дүгнэж буй хэдий ч үүний цаана асар их өөрчлөлт шинэчлэлт, ахиц гарч байгаа. Манай салбар ч уралдааныг санаачлагч залуучуудынхаа итгэлийг даахын тулд хичээж байна, үр дүн ч гарсаар байгааг хэлэхэд таатай байна. Ийм амжилт гаргахад бид бүхнийг урамшуулсан, дэмжсэн Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-ын хамт олондоо баярлалаа. Сүхбаатар аймаг ЕБС-ийн нийт шалгуулагчдын дундаж оноогоор улсад 12, энэ жил 7 дугаар байрт орсон нь Сүхбаатаруудын хувьд маш том алхам юм. Ирэх жил бидэнд илүү сайн шалгуулах боломж бий гэдгийг хэллээ.
Энэ бол багш мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлсэн, багш нарын идэвх, урам зоригийг сэргээсэн, багш нарын мэргэжилдээ илүү ихээр дурлах боломжийг олгож буй уралдаан юм гэдгийг багш нар хэлж байлаа.
Мөн энэ үеэр 2022 оны ЭЕШ-ын Орос хэлний хичээлээр 800 оноо авсан Т.Болортуяад сургалтын тэтгэлэг 2 сая төгрөгийг гардуулсан бөгөөд уг тэтгэлэгийг төгсөх хүртэл нь үзүүлэх юм байна.
Уралдааны гуравдугаар шатанд ЕБС-ийн 22, СӨБ-ын есөн багш шалгарч үлдсэн байна. Шалгаруулалт 12 дугаар сард явагдах бөгөөд шилдгийн шилдэг багшийг уламжлал ёсоор 2 өрөө байраар шагнана.