Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХУРГАНЫ МАХ ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛСНЭЭР МАЛЧДЫН МАЛ МАЛЛАХ АРГА ИЛҮҮ ШИНЖЛЭХ УХААНЧ БОЛЖ БАЙНА

Гадны улс орнууд бага настай малын махыг хүнсэндээ хэрэглэхийг илүүд үздэг. Учир нь ийм мал ямар нэг вакцин тарилгад хамрагдаагүй байдгаас гадна элдэв халдварт өвчин тусах эрсдэл нь бага байдаг байна. Тиймээс сүүлийн жилүүдэд Монгол Улс хурганы махыг экспортлох болсон. Тэгвэл энэ ажлыг зүүн бүсийн хэмжээнд Сүхбаатар аймгийн Дарьт шүтээн компани гүйцэтгэж, Иран улсруу хурганы мах экспортолж эхлээд байна.

Баян тал мах боловсруулах үйлдвэр Иран Улсын засгийн газарт хурганы мах нийлүүлэх гэрээг тус улсын Стар Скай Мускат компанитай байгуулжээ. Эхний ээлжинд 500 тонн мах нийлүүлэх гэрээтэй. Одоогоор 250 орчим тонн мах нийлүүлээд байна. Мах бэлтгэх үйл явц их нарийн. Нийлүүлэгч тал маш өндөр шаардлага тавьдаг. Тиймээс Ираны Засгийн газар болоод хамтрагч компанийн төлөөлөл энд ажиллаж давхар хяналт тавьдаг байна. МБҮ-ийн бүтээгдэхүүний боловсруулалт, хувьсан өөрчлөлт, үйл ажиллагаа, онцлог давуу талын талаар тус компанийн захирал Б.Энхцэцэгтэй ярилцсан юм.

Гадаад худалдаагаа яагаад заавал хурганы махаар эхлүүлсэн юм бэ?

Гурван жилийн өмнөөс Монголынхоо компанитай хамтран хурганы махыг экспортолж эхэлсэн. Хурганы махыг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах, ингэснээр ямар ач холбогдолтой вэ гэдэг талаар маш сайн судалсан. Ер нь хамгийн гол ач холбогдол нь бэлчээрийн даац хэтрэлтээс урьдчилан сэргийлэх, бэлчээр хамгаалах байсан. Нөгөө талаар нэн тэргүүнд эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой мал нь хурга болоод байгаа юм. Хавар гарсан хургыг намар эргэлтэд оруулах нь малчдын ажлыг хөнгөвчлөхөөс эхлээд өвөл нь зудын эрсдлийг даван туулах асуудлаа ч шийдэх боломжтой. Манай үйлдвэр 2021 оноос  бие даан хурганы мах экспортлох ажлыг эхлүүлж, одоо хоёр дахь жилдээ хийж байна.

Хурга гэхээр зарим хүмүүс нялх амьтан шүү дээ гэж шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Анх ийм зүйлүүд их тохиолдож байсан уу?

Эхэндээ ийм шүүмж, эсэргүүцэл их байсан. Малчид маань ч хургаа өгөх нь маш бага байсан. Хурга гэхээр хүмүүс шууд л нялх, жижиг гэдгээр нь төсөөлж хүлээж авдаг. Ер нь манай улсын мал бэлчээрийн аргаар бойждог болохоор биерхүүгээс гадна амт чанар сайтай байдаг. Хаврын төлийг намар борлуулахад ээж шигээ биетэй болсон байдаг л даа. Манай аймгийн хурганы дундаж жин 16-18 кг татдаг. Малчид, иргэддээ зөв ойлголтыг өгөөд, нөгөө талаар малчид маань ч хургаа тушаахын үр шимийг үзээд ирэхээр энэ байдал нь өөрчлөгдөж эхэлсэн. Энэ бол бидний гурван жилийн ажлын нэг үр дүн. Одоо бол малчид хэзээ хургаа авах вэ гээд өөрсдөө ханддаг, хүлээлт үүсдэг болсон байна.

Хурга авах үнэ ханш ямар байдаг юм бэ?

Өнгөрсөн 7 хоногт манай нэг үйлчлүүлэгч 30 хурга авчирч өглөө л дөө. Хамгийн том хурга нь 24 кг, дундаж нь 18 кг татаж байсан. Үүнийг хамгийн доод үнээр бодоод үзэхэд 110 мянган орчим болж байгаа юм. Одоо нэг төлөг л 100 мянган болсон. Тэгэхээр бүтэн нэг жил тэжээсэн төлгийг 100 мянгаар зарах, 5-6 сар тэжээж малласан хургыг 110 мянгад зарах хоёрын хооронд маш их ялгаа гарч ирж байгаа юм. Үүнийг л бид малчдад ойлгуулахыг зорьсон. Эхний жил хурга тушаах малчин бага байсан ч үр дүн, ач холбогдлын талаар малчид амнаас амнаас дамжин мэдээллээ аваад ирэхээр аяндаа байдал өөрчлөгдөөд эхэлсэн.

Магадгүй үүнийгээ дагаад малчдын мал маллах арга нь өөрчлөгдөж байгаа байх?

Яг тийм. Хургаа зөв цагт нь тушаагаад эдийн засгийн эргэлтэд оруулаад үр шимийг нь үзээд ирэхээр малчид маань хүртэл малаа маллахдаа шинжлэх ухаанч талаас нь ханддаг болсон байна. Хурганыхаа жинг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр анхаарч судалгаа хийж эхэлсэн. Анхны хургууд 11-12 кг татаж байсан бол одоо дээд тал нь 24 кг хүрч байна. Гол шалтгаан нь хурганы тэжээл өгөх, битүү хөнгөлөх зэргээр шинжлэх ухаанчаар хандаж эхэлсэн басан. Энэ бол бидний үйл ажиллагааны цаад бодлогын гол үр дүн юм.

Баян тал МБҮ бүтээгдэхүүнээ одоо ямар ямар зах зээлд борлуулж байна?

Манайх таван хошуу малаас тэмээнээс бусад малын махыг үйлдвэртээ оруулж боловсруулдаг. Зах зээлийн чиглэл маань дотоод, гадаад, орон нутаг гэсэн гурван чиглэлд анхаарч ажилладаг. Орон нутагтаа нэрийн дэлгүүрээрээ дамжуулан иргэдэд хямд, цэвэрхэн, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийг зорьдог. Дотоодын буюу Улаанбаатар хотын зах зээлд мэдээж стандартын шаардлагад нийцсэн гарал үүсэл нь тодорхой буух эзэн буцах хаягтай бүтээгдэхүүнийг айл өрх болон байгууллагуудад нийлүүлдэг. Айл өрхийн хувьд хүний хэрэглээг хөнгөвчилсөн, аль болох хялбар байх боломжтой нөхцлөөр бэлтгэн мах махан бүтээгдэхүүнээ хүргэж байна. ААН-ийн тухайд цаад захиалагч талынхаа хэрэгцээнд нийцсэн, ястай, ясгүй мах байх уу эсвэл ресторан зоогийн газар маань өөрсдийн сонголтод тохируулан бүтээгдэхүүнээ захиалж, захиалгыг бид маш чанартайгаар нийлүүлж байгаа. Гадаадын зах зээлд мэдээж улс эх орноо төлөөлж, тодотгох учир хайрцаг савнаас эхлээд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн байлгахыг зорьж ажиллаж байна. Одоогоор гадаад зах зээл маань БНХАУ болон Иран гэсэн хоёр улсын сонголттой л байна даа.

Ер нь жилд хичнээн мал, мах боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулдаг вэ?

Мэдээж жил бүр харилцан адилгүй. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг үйлдвэр ч цөөхөн. Гурван сая хүн амтай, 80 сая малтай улсын хувьд яг дотоод зах зээлээрээ явбал хэцүү. Монголчуудын амьдралын хэмнэл, малчдын хэрэгцээ шаардлагатай уялдуулан махны үйлдвэрүүдийн оргил ачааллын үе 8-10 сар байдаг. Энэ үе манайх өдөрт 400-500 бог, 100 орчим бодыг үйлдвэрийн ажиллагаанд оруулдаг.

Гадаад зах зээлээ тэлэх өөр ямар боломж байна?      

Ямар ч чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид гадаадад бүтээгдэхүүнээ гаргах нь хамгийн чухал. Үүн дундаа мах. Мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулж байж улс орон, үйлдвэрүүд, цаашлаад малчдад тустай. Уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд гаргаад ч үр өгөөжийг хүртэгчид нь цөөхөн гэдгийг цар тахлын үе харууллаа шүү дээ. Малын үнэ муу байгаа мөртлөө бусад худалдан авдаг зүйлсийн үнэ нэмэгдээд байна гэх гомдлыг малчид хэлдэг. Энэ ч бодит байдал дээр мэдрэгдэж байгаа. Тэгэхээр гадаад зах зээлээ тэлэх л хамгийн чухал. Энэ тийм амар ажил биш. Улс орноос хууль эрхзүй, төрийн бодлого талаас л анхаарах асуудал. Гэхдээ энэ бүхэн нааштайгаар эргэж байна гэж харж байгаа. Учир нь саяхан төрөөс маш зөв санаачлага гаргалаа. Цаад захиалагч улсын стандарт, шаардлагад бидний бүтээгдэхүүн нийцэж байвал монгол талаас заавал олон шаардлага тавихгүй байхаар яригдаж байна. Энэ бол маш ололттой, зөв шийдвэр. Гадны аль нэг улсын иргэн ирээд үйлдвэртэйгээ танилцаад бараа бүтээгдэхүүн маань тухайн улсынх нь стандартад нийцэж байвал шууд нийлүүлэх боломжтой болно гэсэн үг. Энэ яг бодит байдал дээр хэрэгжээд эхэлбэл маш олон үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ гадны зах зээлд гаргах боломж байгаа. Манай салбарын тухайд гадаадын зах зээлд гаргахад тухайн малын эрүүл мэндийн асуудал маш чухал байдаг. Мал сүргээ эрүүл байлгах, урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийж чадвал малчид, МБҮ-үүдэд илүү их боломж, том зах зээл бий. Сүүлийн үед дэлхий нийтээр махыг улаан алт гэж нэрлэх болсон шүү дээ. Тэгэхээр малчдын амьдрал ахуйг дээшлүүлэх боломж бол малын мах махан бүтээгдэхүүн, түүхий эдийг нэмүү өртөг шингээж экспортод гаргах нь хамгийн чухал.

Монгол Улсын гаралтай түүхий эд материалыг ашиглан эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан цэвэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, орон нутаг цаашлаад Монголын зах зээлд өрсөлдөх хэмжээний хүнсний манлай үйлдвэр болох нь Баян тал мах боловсруулах үйлдвэрийн зорилго. 2017 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч өдгөө ийн улсдаа данстай үйлдвэр болжээ. Монгол малын махыг дэлхийн зах зээлд гаргах ажлыг амжилттай гүйцэтгэж буй тус үйлдвэрийн хурганы мах 2022 оны Монгол Улсын экспортын шилдэг бүтээгдэхүүнээр шалгарчээ. 

Дайвар бүтээгдэхүүнийг дахин тансаг зоог болгосон нь…

Чанасан гэдэс, хуйхалсан толгой, амталсан гургалдай, таван цулын шөл. Энэ бүгд монголчууд эртнээс хоолондоо түлхүү хэрэглэж ирсэн хүнс. Харин өнөө цагт үнэгүйдэж хог дээр хаягдах нь элбэг. Ийм хоол идсэн нэгэн ядуу, дорой харагддаг болсон цаг. Уг хэрэгтээ эдгээр хүнс хүний бие эрүүл мэндэд хамгийн тустай. Харамсалтай нь үнэгүй амин дэмээ хог болгож байгаа нь их. Тэгвэл үнэгүйдээд байгаа эдгээр дайвар бүтээгдэхүүнийг тансаг зоог гэдгийг дахин батлаж, хуучнаа сэргээх хувьсгалыг хийж буй Баян тал мах боловсруулах үйлдвэр /МБҮ/-ийг онцолж байна. Эднийх Сүхбаатар аймагт мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван компанийн нэг. Гол онцлог нь дан ганц мах борлуулах бус малаас хаягдал гаргадаггүй.

Танай үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүний боловсруулалт, худалдаа онцлог санагддаг?

Нийгэм өөрчлөгдөж, өсөж дэвжихийн хэрээр Монголчууд зарим зүйл дээр буцаад  уламжлалт сэтгэлгээрүүгээ шилжиж байна гэж би харж байгаа. Малын дайвар бүтээгдэхүүн бол махнаасаа илүү хүний бие эрүүл мэндэд ашиг тустай гэдгийг ойлгож эхэлж байна. Яг энэ хэрэгцээнд нь тулгуурлаад манайх малын бүхий л дайвар бүтээгдэхүүнийг болосвруулж, ангилан ялгаж бас дотор нь соортолдог. Шарж идэх элэг сэмж, арилгаж амталсан бүтэн гэдэс, хуйхалж бэлтгэсэн толгой шийр, хонь үхрийн хэл гээд нэр төрлийн хувьд сонголт өргөн. Бүтэн гэдэс биш дан амталсан гургалдайнд дуртай хүн байж болно шүү дээ. Ийм хүмүүст зориулж гургалдайг дангаар нь, хуйхалж амталсан шарван, зүрх, бөөрийг ч дангаар нь  савлаж бэлтгэсэн байдаг. мөн бог болон бод малын толгойн махыг шулж жижиглээд таташ ч хийдэг. Эдгээр нь хүний цагийг хэмнэж, хэрэглээ, хүсэл сонирхолд нь тохируулж байгаа явдал. Дайвар бүтээгдэхүүн бол жинхэнэ эрүүл органик бүтээгдэхүүнээс гадна тансаг зэрэглэлийн хоолруу шилжиж байна гэж бид харж байгаа.

Иргэд, хэрэглэгчдэд сонирхолтой санагддаг байх. Хэрхэн хүлээж авдаг вэ?

Хүмүүс нэг үеээ бодвол эрүүл мэндэдээ маш  их анхаардаг болсон байна. Хоол, хүнсээрээ дамжуулж эрдэс баялаг, амин дэмээ нөхөх нь илүү ач холбогдолтой гэдгийг мэддэг болсон байна. Тиймээс манай бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хялбар, амт чанар сайтай гэдэг талархлыг байнга ирүүлдэг. Нөгөө талаар энэ төрлийн бүтээгдэхүүний нөгөө давуу тал нь үнэ хямд учир борлуулалт сайн байдаг. Ер нь манай хэрэглэгчид ялангуяа нийслэлийн хэрэглэгчид ам сайтай байдаг. Тал нутгийн таанын амттай мах, махан бүтээгдэхүүн хэдийн дотооддоо танигдаж, хэрэглэгчтэй болж чадсан байна.

Мах, махан бүтээдэхүүнийхээ чанарт ямар баталгааг өгөх вэ? Учир нь өнгөрсөн 6 дугаар сард болсон явдлаас хойш иргэд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд итгэх итгэл тодорхой хэмжээгээр алдарсан шүү дээ.

Яг тийм. Нэг үхрийн эвэр доргивол мянган үрхийн эвэр доргоно гэдэг. Тэр явдал бол манай улсын малчдын амьдралд, энэ чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг иргэн, ААН-үүдэд маш сөрөг нөлөөлсөн. Гэхдээ үнэхээр чанартай сайн бүтээгдэхүүнийг стандартын түвшинд нь бэлтгэдэг, хэрэглэгчдэд танигдсан  газрууд бол даваад л гарсан. Манай үйлдвэрийн тухайд малаа шууд малчдын гар дээрээс нь худалдан авдаг. Харин малчин өөрийн борлуулах малаа мал эмнэлгийн нэгдсэн санд бүртгүүлсэн байх ёстой. Манай талаас мөн ирсэн малыг бүртгэж баримтжуулаад, манай үйлдвэрт ийм мал ирсэн гэдгээ аймаг, сумдын Цагдаагийн газартаа мэдээллээд, давхар бүртгэлийн санд нь оруулдаг. Нэг өдөр бүртгэлд хэдэн мал оруулсан байна яг л тэрийгээ үйлдвэрлэлд оруулдаг. Илүү тооны мал нэмж оруулах боломжгүй гэсэн үг. Хэрвээ манай махтай холбоотой ямар нэг асуудал үүсвэл шууд бүртгэлээр нь хайгаад хаанахын хэн гэдэг малчны мал байсан бэ гэдгийг нь тогтоочихно. Гэхдээ одоогоор манайд ийм асуудал үүсээгүй. Бүх мэдээлэл цахимжиж байгаа нь маш олон давуу талыг бий болгож, бид бүхний ажлыг хөнгөвчилж байгаа. Мөн манайх мах, махан бүтээгдэхүүнээ 100 хувь байгалийн, эко аргаар боловсруулж бэлтгэдэг.

Ихэнхдээ танай үйлчлүүлэгчид нэрийн дэлгүүрээр дамжуулан бүтээгдэхүүнээ авдаг байх. Худалдан авалтаа хийхдээ л тухайн мах болон махан бүтээгдэхүүнийхээ гарал үүсэлтэй танилцах боломжтой гэсэн үг үү?

Тэгэлгүй яахав. Манайх хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнээ шууд нийлүүлэх үүднээс орон нутгаасаа гадна Улаанбаатар хотод агуулах болон нэрийн дэлгүүрээ нээсэн. Хэрэглэгчид ирж сонголтоо хийхээс гадна хүссэн газраа шууд хүргүүлж авах нөхцлийг бүрдүүлсэн.

2000 онд Сүхбаатар аймгийн ДНБ дэх ХАА-н салбарын эзлэх хэмжээ 83,8 хувь үүнээс МАА дангаараа 82,8 хувийг эзэлж байсан бол 2021 оны байдлаар ХАА-н салбар 47 хувь, МАА 45,5 хувь хүртэл буураад байна. Гэсэн хэдий ч аймгийн ДНБ-д эзлэх хэмжээгээрээ МАА бусад салбараа тэргүүлсээр яваа юм.

Сүхбаатар аймгийн эдийн засгийн гол тулгуур бол мал аж ахуй. Тус аймаг 4,2 сая толгой малтай. Малчид жилд ойролцоогоор 900 гаруй мянган толгой малыг зах зээлд худалдаж, борлуулдаг бол 200 орчим мянган малыг хүнсэндээ хэрэглэдэг байна.