Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТООЛЛОГЫН ҮР ДҮНД ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛУУД ШИНЭЭР ИЛЭРЧ БАЙНА

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого тус аймагт 60 орчим хувьтай үргэлжилж байна. Тооллогын ажлын хэсэг төлөвлөгөөт объектын 95 хувьд очиж тооллого, баримтжуулалтыг хийжээ. Энэ хугацаанд шинээр олон дурсгал илрүүлсэн бөгөөд гурван дурсгалыг улсын мэдээллийн санд албан ёсоор нэмж бүртгэсэн байна.

Тодруулбал, Баяндэлгэр сумын нутгаас хадны зураг, Мөнххаан сумаас Даянчийн агуйгаас улаан зосон бичиг, Түмэнцогт сумаас хөшөө чулуу зэргийг нутгийн иргэд олж илрүүлсэн байсныг албан ёсоор бүртгэж авчээ. Энэхүү тооллогын аймгийн Соёл, урлагийн газар, БОАЖГ болон сумдын холбогдох албаныхантай хамтран хийж байгаа. өнгөрсөн хавар зургаан суманд ажилласан бол энэ намар ийн 7 суманд ажилласан байна.

Сүхбаатар аймаг уг тооллогын дүнгээр улсын хэмжээнд гуравт бичигдэж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 1-нд дуусгахаар ажиллаж байна. Нэгдсэн нарийн дүн мэдээлэл тооллого бүрэн дууссаны дараа гарч танилцуулна гэж аймгийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Мөн тус аймагт 10 дугаар сарын 16-нд Соёлын өвийн тухай хуулийн дагуу соёлын биет бус өвийн улсын үзлэг эхэлсэн. Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 250 гаруй биет бус өвийн 70 хувийг энэхүү үзлэгт хамруулах аж. Монгол Улсын Соёлын яам болон аймгийн Соёл, урлагийн газрын хамтарсан баг ажиллаж байна.