Улс орон даяар өрнөж буй Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр Сүхбаатар аймагт боллоо. Нээлтэд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, аймаг орон нутгийн удирдлага, сумдын засаг дарга, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Салбарын сайд нээлтийн эхэнд хүнсний хангамж аюулгүй байдлын чиглэлэээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, зорилтуудыг танилцуусан. Улмаар, уг хөдөлгөөний хүрээнд томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, бодлого зохицуулалтын ажлуудыг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлнэ. Үүний үр дүн МАА гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, тогтворжуулах, экспортын бүтээгдэхүүний хэмжээг ихэсгэнэ. Ингэснээр малчид, үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж илүү нэмэгдэх юм. Тиймээс хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон үндэсний үйлдвэрлэгч, малчин тариаланчид, хүнс хөдөө аж ахуйн салбарын нийт ажилчид та бүхэн үндэсний үйлдвэрлэлээ дэлхий дахины чиг хандлагад нийцүүлэн, шинжлэх ухаан технологийн дэвшилд суурилсан бүтээлч сэтгэлгээгээр хүнсний хувьсгалыг хамтдаа хийх их үйлсэд манлайлан оролцохыг Сүхбаатарчууд та бүхнээс хүсье хэмээн илтгэлээ өндөрлөсөн юм.
Мөн энэ үеэр МЭЕГ, ЖДҮГ-ын мэдээллийг нээлтэд оролцогчдод өгч, үйлдвэрлэл эрхлэгч болон иргэдийн санал хүсэлтийг сонссон юм. Иргэдийн хувьд ундны усыг сайжруулах, бэлчээрийн доройтлыг бууруулахын тулд үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг үр дүнтэй, эрчимтэй зохион байгуулах, үнийн хөөрөгдөлд хамгийн ихээр өртөж буй хүмүүс нь малчид байгаа учир мал махны үнийг өсгөж, тогтворжуулах бодлогын арга хэмжээг авах, орон нутагт ХАА-н салбарт ажиллах боловсон хүчин дутагдалтай байгааг анхаарах, малынхаа тоонд бус чанарт анхаарсан малчдыг урамшуулдаг болох тогтолцоог хэрэгжүүлэх зэрэг саналыг уламжилж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагын дагуу Хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай 37 дугаар тогтоолыг УИХ-аас баталсан. Энэ хүрээнд дөрвөн жилийн хугацаанд 1,7 их наяд төгрөгийг уг ажлын хэрэгжилтэд зарцуулах аж. Өөрөөр хэлбэл малчид, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих замаар Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнээ 100 дотоосоо хангах нь хөдөлгөөний гол зорилго. Сүхбаатар аймгийн тухайд одоогоор махаа 100 хувь дотооддоо бэлтгэж байгаагийн 51,5 хувь нь үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах байдаг. Төмс 34,3 хүнсний ногоо 7,4 гурилан бүтээгдэхүүн 20, сүүний 30 хувийг дотоодоосоо хангаж байгаа. Аймгийн хэмжээнд ЖДҮ-ийг дэмжих сангаас 188 төсөлд 7,4 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд үүний үр дүнд 739 ажлын байр шинээр бий болсноос 308 нь хадгалагдан үлджээ. Харин Хоршоог хөгжүүлэх сангаас 4,6 тэрбум төгрөгийг иргэн, ААН-д олгосон ч 320 зээлдэгчийн 3,4 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүй байна. Нийт зээлээс 2022 онд 10 зээлдэгчийн 115 сая төгрөгийн төсөлд санхүүжилт олгожээ.
Тус аймагт үр тарианы ажил эрхэлдэг найман ААН дөрвөн суманд нийт 30,8 мянган га талбайд тариалалт хийдэг. Энэ жил улаанбуудайг 2941 га талбайд тариалсан бөгөөд 1 га талбайгаас 18-22 тонн ургац авсан нь сүүлийн 10 жилд аваагүй их хэмжээний ургац авсан байна. Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 257 иргэн ААН, хүлэмжийн аж ахуй эрхлэгч 243 иргэн ААН 3,9 га газарт тариалан эрхэлж байна. Энэ жил 243 тонн төмс, 500 гаруй тонн хүнсний ногоо хураасан. Төмс хүнсний ногоог хадгалах зоорь Баруун-Урт, Түмэнцогт, Сүхбаатар сумдад байдаг бөгөөд энэ нь нийт 400 тоннын багтаамжтай. Өөрөөр хэлбэл хүнсний зоорь дутагдалтай.
Аймгийн хэмжээнд худалдааны салбарт 225 иргэн ААН ажиллаж байгаагаас бөөний төв, агуулах 10, хүнсний дэлгүүр 213, жимс ногооны дэлгүүр тав, барааны лангуу түрээслүүлэгч таван иргэн ААН байна. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 136 ААН үйл ажиллагаа явуулж байна. Харин ЖДҮ, ахуйн үйлчилгээ эрхлэгч 440 компани, 55 нөхөрлөл, 38 хоршоо, 850 хувь хүн бий гэж аймгийн ХХААГ-аас танилцууллаа.
Ариутгалын пунктын үйл ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ
Тус аймагт өнгөрсөн онд улсын төсвийн 930 гаруй сая төгрөгөөр мал эмнэлгийн ариутгалын пункт баригдсан ч үйл ажиллагаа нь хараахан эхлээгүй байгаа. Учир нь пунктын дотоод тохижилт, тоног төхөөрөмжийн асуудал шийдвэгдээгүй байгаа юм. Тиймээс ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаас мал эмнэлгийн халдваргүйтгэлийн пунктыг ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Мөн мал зүйч, малын эмч, агрономич зэрэг мэргэжилтнүүдийг бодлогоор бэлтгэх, хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд мал эмнэлгийн лабратори стандартын шаардлага хангасан орчин үеийн барилгатай болох, эрчимжсэн мал аж ахуйг түшиглэсэн шингэн болон хуурай сүү, хүүхдийн сүү сүүн тэжээл боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, 200 тонн батаамж бүхий хагас автомат зоорийн цахилгааны асуудлыг шийдвэрлэх, 500 м2 бүхий өвлийн хүлэмж барьж байгуулах хөрөнгийг шийдвэрлэх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, он дамжин хэрэгжиж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудад үнийн өсөлтийг тооцох шийдвэр гаргах зэрэг асуудлуудыг орон нутагт нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа тухай аймгийн ХХААГ-ын дарга Т.Ган-Очир хэллээ.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ иргэд болон салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг сонссон ч ямар нэг асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд нэгдсэн байдлаар улсын хэмжээнд орон нутагт байгаа асуудлыг эрэмбэлэн шат дараатайгаар шийдвэрлэнэ гэдгийг хэж байлаа.
Зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон холбогдох албаны хүмүүс тус аймагт ажиллах үеэрээ орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тодруулбал, Дарьт шүтээн ХХК-ийн Баян тал махны үйлдвэр, Хийморьт агшуун компанийн Баялаг нарийн боовны цех, Дөрвөн гэгээн эрдэнэ хоршооны ноосны үйлдвэртэй танилцсан юм. Баян тал МБҮ-ийн Иран улсад хурганы мах экспортолж буй ажлыг онцлон сайшааж цаашид мал махыг экспортод гаргах ажлыг бодлогоор дэмжиж орон нутгийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллахаа салбарын сайд хэллээ. Мөн 20 гаруй жил тогтвортой ажиллаж орон нутгийн иргэдээ гурилан бүтээгдэхүүнээр хангаж буй Баялаг НБЦ-ийн хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тус цехийн удирдлагын зүгээс түүхий эд болох гурилын үнэ өссөнтэй холбоотойгоор бүх төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа нь үйлдвэрлэгч болоод хэрэглэгчдийн хувьд хүндрэлтэй байгааг хэллээ. Мөн үүнийгээ дагаад худалдан авалт буурах эрсдэл байгааг ч санууллаа.
Дөрвөн гэгээн эрдэнэ хоршоо нь мал мах, малын гаралтай түүхий эдийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Сүхбаатар аймаг төдийгүй зүүн бүсийн хэмжээнд анхдагч болохуйц ноос боловсруулах үйлдвэрийг барьсан юм. Хил гаалийн асуудлаас шалтгаалан үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирж чадалгүй, хүлээлтийн байдалтай байгаа аж. Тус үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 30-40 иргэн ажлын байраар хангагдахаас гадна цаашид ноос, ноолууран бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэх бүрэн боломжтой бас хүчин чадалтай юм. Өөрсдийн хөрөнгөөр орон нутагтаа ийм том бүтээн байгуулалтыг хийж буйг салбарын сайд сайшаагаад бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.