Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТЭРСНЭЭС АВАХ УРГАЦЫН ХЭМЖЭЭ БУУРЧ БАЙНА

Сүхбаатар аймаг 8,2 сая га газар нутагтай. Үүнээс 6,9 сая га нь бэлчээрийн нутаг хэдий ч үүний гуравны нэгд нь бэлчээрийн даац олон дахин хэтэрчээ. Ингэж бэлчээрийн даац хэтэрсний улмаас өвсний ургалт муудаж, улмаар жилд авах ургацын хэмжээ буурч байна. Өөрөөр хэлбэл хадлангийн талбайн хэмжээ нэмэгдсэн ч авах ургацын хэмжээ тогтмол буурч байна.

Тухайлбал урьд жилүүдэд 18 мянган га талбайгаас 21 мянган тонн ургац авч байсан бол 2021 онд 19 мянган га талбайгаас 20 мянган тонн ургац авсан байна.

Мөн аймгийн хэмжээнд жилдээ долоон суманд хадлан бэлтгэдэг байсан бол энэ жил Эрдэнэцагаан, Асгат, Дарьганга, Сүхбаатар гэсэн дөрвөн суманд хадлан бэлтгэжээ. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 100 бэлтгэсэн, сумдын хувьд бүрэн хангагдаж дуусаагүй байна. Одоогоор Сүхбаатар аймагт ХАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 85,6 хувьтай үргэлжилж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Зах зээл, бэлчээрийн удирдлага төсөл, орон нутгийн хөрөнгө оруулалттай хамтран тус аймгийн 11 суманд өвс тэжээлийн агуулах баригдсан, Асгат суманд агуулах барих ажил хийгдэж байна. Ингэснээр бүх суманд өвс тэжээлийн нөөц бүрдүүлж хадгалах бүрэн  боломжтой болсон гэв.

Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн нутагт 5 сая гаруй мал бэлчиж байна. 2022-2023 онд 4,4 сая мал өвөлжиж хаваржина гэсэн урьдчилсан тооцоо гарсан.