Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МХГ ТАТАН БУУГДСАНААР 12 АЛБАН ХААГЧ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДЖЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн  417 дугаар тогтоолоор Мэргэжлийн Хяналтын газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-нээс татан буулгах шийдвэр гарсан. Сүхбаатар аймагт уг ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой татан буулгах дэд комисс байгуулагдсан. Аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргалаар ахлуулсан энэхүү дэд комисс нь МХГ-ыг татан буулгахтай холбоотой процесс үйл ажиллагааг орон нутагт гардан гүйцэтгэж байна. Тус газар ажиллаж байсан улсын 32 байцаагч харьяа төрийн байгууллагад хуваарилагдан хяналт шалгалтын ажлаа урьдын адил хийх бол төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний нийт 12 ажилтан ажлаас чөлөөлөгдөж байгаа юм байна.

Төрийн захиргааны болон үйлчилгээний 12ажилтан ажлаас чөлөөлөгдсөн буюу цомхтголд орсон гэсэн үг. Ингэхдээ төрийн захиргааны ажилтанд 3 сарын, үйлчилгээний ажилтанд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно. Мөн эдгээр хүмүүсийг аль болох ажлын байраар хангах чиглэлийг өгчээ. Харин МХГ-ын ашиглаж байсан байр болон тоног төхөөрөмжийг газрын хамт Стандарт хэмжилзүйн хэлтэст шилжүүлэхээр болсон гэдгийг Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга О.Саранчимэг хэллээ.