Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “ХариуцЛагатай жолооч- хар хайрцаг” уриан дор жолооч нарт зориулсан зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд төр болон төрийн бус байгууллагын жолооч, хувиараа хот хооронд хүн тээврийн үйлчилгээ үзүүлдэг таксины жолооч гээд нийт 93 жолооч оролцлоо. Тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Алтансүх нар оролцогчдод мэдээлэл хийж, санал солилцов. Зөвлөгөөний төгсгөлд жолооч нар машины хар хайрцгийг ашиглаж эхлэх нэгдсэн саналыг дэмжиж, замын хөдөлгөөний үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болов.
Машины хар хайрцгийг байрлуулснаар жолооч та өөрийн амь нас эд хөрөнгөө хамгаалаад зогсохгүй бусдад мэдэгдэхгүй, далдүйлдэгдсэн зам тээврийн осол цаашлаад бусад төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд маш том дэмжлэг болохуйц нотлох баримтыг хадгалах юм. Тиймээс нийт жолооч нарыг авто машиндаа хар хайрцаг суурилуулахыг мөн давхар уриалж байгаа юм.
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2020,2021 онуудад буюу цар тахлын үед зам тээврийн осол буурсан бол өнгөрсөн 2022 онд өссөн үзүүлэлттэй байна. Зөвхөн 2022 онд зам тээврийн ослоор 7 иргэн амь насаа алджээ.