Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МХБХ-НЫ АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАВ 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй нийтийн хөлбөмбөг төслийн хүрээнд МХБХ-ны ажлын хэсэг тус аймагт ажиллаж, аймгийн удирдлага, БТСГ, аймгийн хөлбөмбөгийн холбооны төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймагт, зүүн бүсийн болоод улсын чанартай олон тэмцээн уралдаан зохион байгуулагдаж, үүнийгээ дагаад хөлбөмбөгийн спортыг сонирхогч, хичээллэх хүүхэд залуусын тоо өсөж байна.

Сүхбаатар аймагт хөлбөмбөгийн спорт 2004 оноос эхлэн хөгжиж “С” зэрэглэлийн дасгалжуулагч Ч.Дүгэрсүрэн олон хүүхэд залуусыг энэ спортод татан оруулсан байдаг. Түүний шавь нараас Монголын анхны эмэгтэй спортын мастер, мөн монголын анхны В зэрэглэлийн шүүгч Э.Энхтунгалаг  тэргүүтэй олон шилдэг тамирчин, дасгалжуулагчид төрөн гарсан юм. Э.Энхтунгалаг одоо аймгийнхаа шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж, дараагийн үеэ бэлдэж эхэлжээ. Мөн 2016 онд орон нутгийн хэмжээнд анх удаагаа олон улсын чанартай гэрэлтүүлэг бүхий стандартын хөлбөмбөгийн талбай бий болсноор зүүн бүс нутагт хөлбөмбөгийн спорт хурдацтай хөгжих боломжийг бүрдүүлж өгчээ.

МХБХ-ны ажлын хэсэгт хэд хэдэн хэлтсийн удирдлагууд багтаж, орон нутгийн хөлбөмбөгийн холбооны ажилчдыг б онол арга зүй, заавар зөвөлгөө өгөн ажиллаж байгаа юм. Цаашид олон улсын уралдаан тэмцээний шүүлгчийг орон нутагт нь бэлтгэдэг болох асуудалд анхаарч байгаа гэдгийг МХБХ-ны шүүгчдийн хэлтсийн  дарга Д.Түмэнбаяр хэллээ.