Сүхбаатар аймагт нохойд хазуулсан иргэдэд андуурч сүрьеэгийн вакцин хийсэн асуудал одоо ч олны анхаарлын төвд байгаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-26-ны хооронд есөн иргэн нохойд хазуулсан гэх үндэслэлээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж, эрүүл мэндийн анхан шатны тусламж авахын зэрэгцээ вакцин хийлгэсэн байна. Ингэхдээ эрүүл мэндийн байгууллагын ажилинууд алдаа гаргаж, тухайн иргэдэд сүрьеэгийн вакциныг өндөр тунгаар тарьсан. Энэ асуудалтай холбоотойгоор ЭМБ-ын ажилчдад хариуцлага тооцож байгаа. Тэгвэл ганц ЭБМ-ынхан биш анх иргэдийг хазаж гэмтээж байгаа золбин нохдын асуудлыг давхар ярих хэрэгтэй. Тиймээс бид золбин нохойг устгах ажлыг хариуцдаг Сүхбаатар тохижилт үйлчилгээний газраас энэ талаар тодруулсан юм. Сүхбаатар аймгийн хувьд жилийн 4 улиралд золбин нохойгоо тогтмол устгадаг. Тодруулбал долоо хоног бүр тогтсон өдрүүдэд нохойгоо устгаж хэвшсэн. Сүхбаатар аймаг бусад аймгийн бодвол золбин нохой харьцангуй цөөтэй гэдгийг Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Х.Баатарсүх хэллээ.
Баруун-Урт суманд жилд дунджаар 1000 нохойг устгадаг. Уг ажилд 15 сая төгрөг төсөвлөдөг байна. Үүнд бууны сум, бензин тос, нохой устгагч ажилтны хөлс, устгасан нохойг зөөвөрлөх гээд бүх ажлын хөлс багтдаг байна.
Өнгөрсөн сард 9 иргэнийг хазсан нохдын тухайд 1-ээс бусад нь эзэнтэй ноход байжээ. Өөрөөр хэлбэл өөрийн эзэмшлийн нохойгоо сул, хараа хяналтгүй орхисноос болж иргэд ийнхүү эрүүл мэндээрээ хохироод байна. Тиймээс айл өрхүүд нохойгоо тэмдэгжүүлж, хашаа хороондоо уяатай байлгахад анхаарах шаардлагатай байна.