Сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймагт чадваргүй компанийг барилгын тендэрт шалгаруулснаас болж улсын орон нутгийн төсвийн хөрөнгө гацах үүнийгээ дагаад тухайн сум орон нутгийн иргэд, хүүхэд багачууд хохирох байдал их гарч байгаа. Жишээлбэл, Баяндэлгэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн цэцэрлэг, 300 хүний суудалтай соёлын төвийн барилгын ажлууд эхэлсэн ч хэдэн жил дамнан царцаж байна. Цэцэрлэгийн барилгын тухайд 2018 онд БШУЯ-ны захиалгаар Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газраас тендэрийг зарлан Оточ ноёдууд компани шалгарсан. Ингээд 2018, 2019 онуудад алдаг оног ажил хийгдээд 2020 оноос хойш нам зогссон. Энэ цэцэрлэгийн барилга 2 засаг, олон сайдын нүүр үзсэн. Аймаг сум орон нутгийн удирдлагууд, БШУГ зэрэг холбогдох газрууд ажлыг урагшлуулах чиглэлээр гүйцэтгэгч захиалагч талтай удаа дараа уулзаж, боломж олгосоор ирсэн ч тусыг олоогүй байна. Баяндэлгэр сумын хүүхдийн цэцэрлэг нь 8 бүлэгт 250 орчим хүүхэдтэй. Одоогоор нэмэлтээр 4 гэрт сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Бүр 2018 оноос хойш гэр цэцэрлэг хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ бол хариуцлагагүй, чадамжгүй компаниас болж хүүхдийн сурч хүмүүжих эрхийг ноцтой зөрчиж буй асуудал юм. Байдал үнэхээр хүнд байгааг ч сумын засаг дарга Л.Аваадорж хэлж байлаа.
Тус сумандажил нь эхлээд зогссон удаах барилга бол 300 хүний суудалтай соёлын төв. Сүхбаатар аймгаас тендэрийг зарлаж, Мастер вөрд компани шалгарсан байдаг. Гэтэл бас л гацчихсан. Өнгөрсөн онд нэг дахрын ажил хийгдээд зогссон. Шалтгаан нь барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарладаг. Сумын иргэд барилгын материалын үнэ буурахыг хүлээх ёстой юу. Эсвэл чадваргүй команийг чадавхжтал хүлээх үү. Ер нь аливаа барилгын тендэрт оролцогчийг шударга шалгаруулддаггүй, танил талаа харж ямар ч дадлага туршлагагүй, чадваргүй компанийг сонгодог нь барилгын ажил гацах үндсэн шалтгаан болж байгаа юм. Ямартай ч сум орон нутгийн зүгээс хоёр балгасаа хараад суулгүй ажлыг үргэлжлүүлэх арга зам эрэлхийлсээр байна.
Барилгын ажил эхлээд хэдэн жил дамнан байж ашиглалтад ордог жишиг тогтох нь. Яахав сүүлийн жилүүдэд цар тахал, үнийн хөөрөгдөл гээд асуудал байсан. Гэхдээ үүрэг хүлээсэн бол хариуцлагатай, сэтгэлтэй байх нь чухал. Олон жил салбартаа ажилласан, хүн хүч техник тоног төхөөрөмж сайтай, учирсан санхүүгийн асуудлаа шийдвэрлэчихдэг ийм компаниуд жилд хэд бол хэдэн ажил эхлүүлж, дуусгаж байгаа жишээ орон нутагт бий. Тэгэхээр хамгийн гол нь том жижиг гэлтгүй ямар ч ажлын гүйцэтгэгчийг сонгохдоо маш сайн үндэслэл, судалгаатай байж учирч болох эрсдлийг даваад гарчих тийм л компанийг сонгох нь хамгийн чухал байгаа юм.