Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ДОГШИН БУДАРЫН ЧУЛУУ БА ХҮРЛИЙН ҮЕИЙН ХҮМҮҮС

Монголын газар нутаг дахь хадны сүг зургийн хамгийн зүүн захын хязгаар нь Бударын чулууны дурсгал юм. Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс баруун урагш 70 км зайд хад цохио бүхий өвөрмөц тогтоц бүхий хадан цохио бий. Цохионы дунд хэсэгт 8.7 метр урт хадан хананд хоёр хэсэг газарт адуу мал, ан амьтад, хүний дүрсийг хонхойлгон цохиж дүрсэлжээ.

Тус дурсгалыг 1996 онд Монгол Солонгосын хамтарсан “Дорнод Монгол” судалгааны анги илрүүлэн судалж НТӨ II-I мянган жилд хамааруулан үзсэн байдаг ба хүрлийн үеийн хүмүүс гэж  тодорхойлжээ.

Нэг их тохиолдоод байдаггүй шат маягийн хөндлөвчтэй босоо зураас нь сонирхолтой өгүүлэмж болно. Мөн хүний дүрс хамгийн олноор дүрслэгдсэн бах бөгөөд цөм ямар нэгэн үйл хөдлөлийг илэрхийлдэг. Морь, нохой хөтөлсөн, хоорондоо хөтлөлцсөн, хөөцөлдсөн, эсвэл ноцолдож байгаа, давхарлан хэвтсэн хүмүүс мэтийг тоймлон зурах арга барилаар нарийн дүрсэлжээ.





Мөн зээр ба чоныг олон тоогоор зурж, харин гөрөөс, янгир зэргийг адуу мал, хүн рүү харан зогсож буйгаар, эсвэл үргэн зайлж буй байдлаар цэвэрхэн, тод дүрсэлсэн байна. Уг зураг дунд бөөгийн есөн онгодын нэгэнд тооцогддог могойг буулгасан байдаг нь өвөрмөц аж. Бударын чулууны уг дурсгалыг түүх соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэн баримтжуулсан байдаг.