Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨДИЙН ДЭЛГҮҮР СҮХБААТАР АЙМАГ

Монгол орон олон мянган жилийн түүхтэй хөшөө дурсгалаар нэн баялаг. Түүний дотор Сүхбаатар аймаг бусад аймгаас хамгийн олон хүн чулуутай нь. Судлаачид Дарьгангын хүн чулууг Түрэгийн үеийнхээс эрс ялгаатай, XIII зууных гэж үздэг. Тэр тусмаа тухайн үеийн хаадын түүхтэй ч холбоотой байхыг үгүйсгээгүй. Мөн хүн чулуун хөргийг тахилга, тайлгын зориулалтаар босгосон гэж үздэг байна. Нутгийн ард түмэн хүн чулуудыг хэдэн үеэс дээдлэн хүндэлж, идээ цайныхаа дээжээ өргөж “хөрөг” хэмээн нэрлэсээр иржээ. 1980-аад оноос Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баяр Дарьганга, Наран, Онгон, Эрдэнэцагаан сумын нутгаас 50 гаруй хүн чулууг олж илрүүлэн, судалсан байдаг.

“Хаан, хатан, хүү бэр”-ийн хүн чулуу

Дарьгангын хүн чулууд нь ихэвчлэн түшлэгтэй сандал дээр суусан дүртэй байдаг. Алтан-Овооны энгэрт нутгийнхны нэрлэснээр “Хаан, хатан, хүү, бэр” гэсэн дөрвөн хүн чулуун хөрөг бий. Түшлэгтэй сандал дээр суусан хаан, хатан хөрөг нь зөв энгэртэй ташуу захтай дээлтэй. Дээлийн хормой доогуур гутлынх нь хоншоор цухуйсан, ноён хөрөг толь бүхий бүстэй, баруун гартаа хундага барьжээ.

Ламтын хүн чулуу

Дарьганга сумын төвөөс зүүн урагш 40 гаруй км-т Ламтын заставын дэргэд байгаа хоёр хүн чулуу байна. Эрэгтэй, эмэгтэй хүний дүрс бүхий эр нь гэзэг, хөхөлтэй, хоёул малгайтай маш нарийн уран хийцтэй хоёр хөрөг бий. Эдгээрийг шаргал өнгийн элсэн чулуугаар уран гоёмсог сийлж хийсэн бөгөөд бүгд түшлэгтэй исэр сандалд сууж байгаа дүрстэй. Хоёрынх нь толгой бүтэн бөгөөд оройдоо сампин бүхий зузаан хүрээтэй, бөмбөгөр оройтой, арагшаа налсан шилэвч бүхий малгайтай. Малгайн оройгоос урт залаа ар тийш нурууг нь даган унжжээ. Хоёр чихний араар олон салаалан гөрж багцалсан боосон шибилгэр гэзэг унжина. Нүүр царайг тун урлагтай сайн цоолборлож урласан бөгөөд хоёул тун төстэй, өргөн махлаг дугуй царайтай, хүүхдийн дүрс гэмээр. Нарийн ханцуй, урт хормойтой дээл өмссөн бөгөөд дээлийн энгэр заамыг гаргаагүй. Хөлдөө мөлгөр хоншоортой гутал өмссөн нь хормойн доороос цухуйна. Баруун гартаа урт иштэй цомбон хундага цээжний өмнө барьж зүүн гараа өвдөг дээр тавьжээ.

Хөргийн хөндийн хүн чулуу

Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км-т Хөргийн хөндий хэмээх хойноос урагш чиглэлтэй нарийн хөндийн дунд 7 хүн чулуу хөшөө дурсгал бий. Галт уулын саарал хүрмэн чулуун эдгээр хөргүүдийн хийж бүтээсэн ур чадвар төдий л сайнгүйн дээр хоорондоо ч нэлээд ялгаатай. Эдгээр хөргүүд XIII-XIV зууны үеийн монголчуудад хамаарах зүйл болох нь тогтоогдсон байна. Хөргийн хөндийн хөргүүдийн бусдаас ялгарах онцлог нь ихэнх нь малгай, гуталтай атал биендээ хувцасгүй нүцгэнээр дүрсэлж, цээжинд нь товгор хөх гаргахын сацуу эр хүний хүйсийн тэмдэг дүрсэлж сийлсэн явдал болно.

Хүнт ухаагийн хүн чулуу

Наран, Онгон, Дарьганга сумдын заагт Хүнт цагаан нуур гэдэг газар Хүнт ухаа нэртэй хоёр хүн чулуун хөрөг байдаг. Энэ хоёр хүн чулуу нь Дарьгангын хүн чулуун хөргөөс ихээхэн ялгаатай бараг Монголд ганцхан гэж хэлж болохоор тийм өвөрмөц хүн чулуу юм. Энэ хүн чулууг зарим хүмүүс бөхийн хүн чулуу гэж нэрлэдэг. Учир нь наадмын талбай бүхий өндөрлөг толгой дээр баруун, зүүн талын бөхчүүд шиг хооронд нь 80 орчим метрийн зайтай байрлуулж бөхийн өмсгөл бүхий зодог, туушуутай дүрсэлсэн ижил хос хүн чулуу болно. Биеийн хэлбэр нь булчинлаг бөхийн хэв шинжийг харуулснаас гадна эр хүний бэлэг эрхтэнг тод томруун дүрсэлсэн байдаг. Хоёр гарыг хүйсний дээд талд зангидаж хийсэн. Ийм учраас энэ хоёр хүн чулууг зарим эрдэмтэн судлаачид бөхийн хүн чулуу гэж үздэг.

Гөхөлийн ширээний хүн чулуу

Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км-т Гөхөлийн ширээд хүн чулуу бүхий хоёр дурсгал бий. Галт уулын хар саарал хүрмэн чулуугаар болхидуухан урлаж хийсэн бөгөөд эдгээр хүн чулуудад дээл хувцас, эд хэрэглэл огт дүрслээгүй боловч ерөнхий хийц дүрслэлийн онцлог, хийсэн чулууны төрөл болон дэргэд нь буй чулуун овооны хэлбэр зохион байгуулалт зэрэг нь эдгээртэй ойр орших Хөрөгийн хөндийн бүлэг хүн чулуутай нэн ойролцоо байгаагаас үндэслэн Xlll-XlV зууны монголын түүх соёлын дурсгал гэж судлаачид үзсэн байдаг.

Шивээтийн хүн чулуу

Хэдэн жилийн өмнө МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Наваанаар удирдуулсан судалгааны баг Онгон сумын Таван толгой, Шивээтийн орчмын булш бунханг ухаж төнхөж, алтан шармал бүүрэг бүхий эмээлтэй морины яс, цагаан шонхорын дүрс бүхий алтан бөгжтэй эмэгтэй хүний шарил, түүний толгойн гоёл болох алтан сааны хэлтэрхийг олж “Монголын алтан ургийн сурвалжит эмэгтэй булш” хэмээн сурталчилсан. эхний малтлагаар хамгийн болхи хийцтэй хөргийн арын чулуун дараасын дор зангидмал модон авсанд хийж оршуулсан эмэгтэй  хүний оршуулга гарсныг дагалдуулан Xl, Xll  зууны үед холбогдох зоос гарсан нь Юан гүрэн буюу Xlll-XlV зууны үед гүйлгээнд байсан зоос байжээ. Таван толгойн хүн чулууг нь хийц дүрслэл, бүтээсэн ур чадварын хувьд Төв Азийн нутагт байгаа монголын үед холбогдох хүн чулууны cop нь юм.