Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Сүхбаатар сумын ЗДТГ-аас олон шинэлэг ажлыг зохион байгуулсны нэг нь Монгол Улсын шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран бүх насны иргэдэд жанжин Д.Сүхбаатарын үйл хэргийг сурталчлан таниулах цуврал лекцийг танилцуулсан явдал байлаа. ЕБС-ийн сурагчид болон Д.Сүхбаатар жанжны амьдрал, үйл хэрэг, эх орон ард түмэндээ үлдээсэн гавьяа зүтгэлийг түүхэн баримтан дээр үндэслэн танилцуулсан бол, иргэд хөдөлмөрчдөд орчин үеийн түүхэн судалгаанд жанжныг хэрхэн үнэлж ирсэн, Д.Сүхбаатар судлалын өнөө цагийн хувьсал өөрчлөлтийн талаар мэдээлллийг өгч, харилцан санал солилцож байлаа. Лекцийг судлаач, доктор профессор Н.Хишигт, сэтгүүлч түүхч, СГЗ Г.Бадамсамбуу нар удирдсан юм. Мөн энэ үеэр хүүхэд багачуудад Сүхбаатар бүрэн хэмжээний комик киноны хэсгээс танилцуулсан нь тэдэнд илүү сонирхолтой байсны зэрэгцээ тухайн киноноос илүү их мэдээллийг авч, ойлгосон гэдгийг хүүхдүүд ярьж байлаа.
Тэдний нэг бол Сүхбаатар сумын ЕБС-ийн сурагч Н. Ёст бэйсийн хошуу бол одоогийн манай Сүхбаатар сум. Жанжны аав болоод ээж, хоёр ах нь энэ нутагт амьдарч байсан. Д.Сүхбаатар жанжин хэдийгээр Амгаланбаатар гээд өөр хотод төрсөн ч амьдарч байх хугацаандаа аав, ээжийнхээ нутагт буюу Сүхбаатар суманд харъяалагдаж байсан. Тэгэхээр яалт ч үгүй манай нутгийн түүхэн хүн мөнөөсөө мөн юм. Энэ тухай мэдлэгээ энэхүү лекцээс бүр илүү баталгаажуулж авлаа. Үүнээс гадна олон шинэ мэдээлэл авснаас хамгийн их таалагдаж, анхаарал татсан зүйл нь жанжин маань хэдий ядуу зүдүү амьдралтай байсан ч маш ганган дэгжин, биеэ гоё авч явдаг хүн байж. Хэдийгээр тухайн үед гэрэл зургийн газар ховор байсан ч жанжин өөрийнхөө дүр төрхийг маш олон гэрэл зурагт мөнхлөн үлдээж чадсан гэдэг нь урьд өмнө сонсож байгаагүй бгөөд хэзээ ч мартагдахаагүй соргог мэдээлэл байлаа. 30 наслахдаа зууны түүхэн хүн болж нэрээ үлдээж чадсан энэ агуу удирдагчийн нутгийн үр сад гэдгээрээ би бахархдаг. Хэрвээ Д.Сүхбаатар жанжин байгаагүй бол миний өвөг дээдэс, аав ээжээс эхлээд бид бүхэн эрх чөлөөт ийм амьдралаар амьдарч чадах байснуу, эсвэл хэдэн үеэрээ Манж, Хятадын дарлалд байх байснуу гэдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Монголын үе үеийн эх орончид, нүүдэлчин сууриас орчин үеийн иргэн болох хүртэлх энэ бүх цаг үеийн эхлэл суурийг тавьсан, түүхэн үйл явдлуудад идэвхтэй оролцсон, манлайлан удирдсан түүхэн хүмүүсийн нэг бол жанжин Сүхбаатар. Энэ түүхэн хүнийхээ ойг төрөлх нутаг нь өндөр ач холбогдол өгч зохион байгуулж байгаад баяртай байна гэдгийг судлаач, доктор профессор Н.Хишигт онцоллоо. Мөн сэтгүүлч, түүхч СГЗ Г.Бадамсамбуу Д.Сүхбаатар бол дэлхийн хүн. Түүний мэндэлсэн өдрийг дэлхийг ганцхан газар өргөн дэлгэр, үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь Сүхбаатар сумынхан. Улсаа босгосон жанжны өлгий нутгийнхнаар үнэхээр бахархаж, баярлаж байна гэдгийг хэлсэн юм.
Харин энэ өдрийг аймаг орон нутгийн тухайд жанжны хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаагаар ёслон өнгөрүүлэв.