Азийн физикийн XXIII олимпиад ирэх тавдугаар сард Монгол Улсад болохтой холбогдуулан улс орон даяар зохион байгуулж буй физик, танин мэдэхүйн өдөрлөг, сургалт өнөөдөр Сүхбаатар аймагт эхэллээ. Энэ хүрээнд физикийн туршилтуудыг танилцуулсан нь сурагчдад хамгийн их таалагдаж, цаашид сургалтыг туршилтын ажилтай хослуулан явуулах нь хичээлээ ойлгоход илүү дөхөм байна гэдгийг тэд хэлж байлаа. Одон орон, байгалийн цацраг идэвхийг хэмжих, утаан буу, цахилгаан соронзон индукцийн үзэгдэл, стэйм туршилт, лазер, плазм, галтай туршилт, харааны гажиг гэсэн есөн төрлийн туршилтыг өртөө хэлбэрээр танилцуулсан юм.
Энергийн хувирлыг харуулсан туршилтыг үзүүлж байна. Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болох давсыг уусмал хэлбэрт хувирган батарей болгож байгаа нь хүүхдүүдийн сонирхлыг маш их татаж, яаж хийдэг талаар асууж байна. Зарим нэг нь гэртээ очиж турших тухай ч зөвлөлдөөд гарсан. Ер нь хөдөө орон нутагт физикийн туршилтуудыг тэр бүр хийгээд байх боломжгүй байдаг. бид ч анх удаа Сүхбаатар аймагт ирж хүүхдүүдэд туршилтаа үзүүлж, онолын товч мэдээллийг өгч байгаа нь маш монирхолтой үйл ажиллагаа болж байна гэж ШУА-ийн физик технологийн хүрээлэнгийн багш Т.Лхагважав хэллээ.
Баруун-Урт сумын Нэгдүгээр сургуулийн физикийн багш О.Оюунтуяа плазмын туршилтыг танилцуулсан. Тэрээр хэлэхдээ, орон нутагт анх удаа физикийн нэгдсэн өдөрлөг болж байгаа нь сурагчид болоод багш нарт олон талын ач холбогдолтой. Миний үзүүлж буй туршилтын тухайд плазм бөмбөлгөөс цахилгаан гаргах. Тэжээлийн үүсгүүрт холбоогүй байхад цахилгаан гаргаж, гэрэл асааж байгаа нь сурагчдын сонирхлыг их татаж байна. Плазм бол бодисын дөрөв дэх төлөв байдал гэж үздэг. Үүнийг хичээл дээр онолын хүрээнд үздэг ч яг ийм туршилт хийх боломж байдаггүй. Ер нь туршилтат хичээлийг явуулахад сурагчид их дуртай байдаг. Яг өөрсдөө гардан хийж байгаа учир илүү ойлгомжтой, оролцоо идэвх нь ч сайн байдаг. сурагчидтайгаа хамт анх удаа хийсэн туршилт үнэхээр сонирхолтой байлаа гэв.
Энэхүү үйл ажиллагааг БШУЯ, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн, их дээд сургуулиуд болон аймгийн БШУГ, Баруун-Урт сумын Хоёрдугаар сургууль хамтран зохион байгуулж байна. Физикийн хичээлд хүүхдүүдийг дурлуулах, хичээлийн сургалтын чанарыг сайжруулах, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий тус өдөрлөгийн бүх зардлыг БШУЯ, БШУЕГ-аас төсөвлөжээ.
Орон нутагт яг ийм төрлийн туршилтуудыг явуулахад тоног төхөөрөмжөөс эхлээд учир дутагдалтай. Улс орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд тодорхой төхөөрөмж авдаг ч ихэнх нь хичээл дээр ашиглах жижиг хэрэглэгдэхүүнүүд байгаа. Нөгөө талаар туршилтаар дамжуулан хүүхдийг хичээлд дурлуулахад, анхаарал сонирхлыг татахы тулд багш нарын арга зүй ч дутагдалтай. Сүхбаатар аймгийн хувьд физикийн багш нэг их дутагдалтай биш ч нөөцөд бүртгэлтэй багш байхгүй. Нэг багш чөлөө авлаа гэхэд түүнийг нөхөх боловсон хүчин хомс. Мөн одоо ажиллаж байгаа багш нарын ихэнх нь шинэ, залуу багш нар байдаг. тиймээс яалт ч үгүй багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага бий. Аймгийн хэмжээнд физикийн хичээлийн ЭЕШ-ын онооны үзүүлэлт тийм ч сайн биш. Үүнийг сайжруулахын тулд мэдээж аймаг орон нутаг, мэргэжлийн байгууллагууд анхаарч төрөл бүрийн л аргаар ажиллаж байна. Мэдээж үр дүн тийм амархан гарахгүй. Энэ жилийн тухайд байгалийн ухааны хичээлийн чанарыг сайжруулах зорилгоор Сүхбаатар аймаг Шинэ монгол сургуультай хамтран ажиллахаар гэрээлсэн. Эндээс олон зүйлйийг суралцаж, түүнийгээ дагаад үр дүн, ахиц дэвшлүүд гарна гэж найдаж байгаа гэдгийг аймгийн БШУГ-ын дарга Л.Байгалмаа хэлээ.
Академич Ж.Даваасамбуу, доктор Г.Зоригт тэргүүтэй шинжлэх ухааны эрдэмтэн, багш нарын баг тус аймагт ажиллаж байгаа бөгөөд өдөрлөг физикийн багш нар болоод сурагчдад зориулсан сургалтаар үргэлжилнэ.