Сүхбаатар аймгийн урд талын сумдад өвөлжилт хүндэрсэн. Тодруулбал Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян сумдад цагийн байдал илүү хүнд байгаа бөгөөд тус сумдад УИХ-ын гишүүд ажиллаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцахын зэрэгцээ өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж байна.
Сум тус бүрт 1000 боодол өвс, 100 шуудай тэжээлийг үнэ төлбөргүй олгож байгаа аж. Эдгээрийг хуваарилах ажлыг сум гардан зохион байгуулна. Ингэхдээ тээвэрлэлт болон үйлчилгээний зардлыг шингээн тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үнээр малчдад олгох аж.
Өвөлжилт хүндэрсэн сумдад бог малын хорогдол их гарч, ихэнх мал тэжээлд оржээ. Малын өвс, тэжээлийн үнэ өндөр байгаа учир малчид тэр болгон худалдан авч чадахгүй болсон. Тиймээс зарим сум орон нутгийн зүгээс зохих арга хэмжээнүүдийг авч, малын хөлийн татварын орлогыг малчдад дэмжлэг үзүүлэх ажилд зарцуулж эхэлжээ. Жишээлбэл, Баяндэлгэр сумын Онцгой комисс хуралдаж, УИХ-ын гишүүдээс олгож буй өвс тэжээлийн дэмжлэгийг татан авах ажлын хөлсийг сумын гамшгаас хамгаалах сангаас гаргах, Далайд дусал нэмэр аяныг өрнүүлж, цугласан хандивыг Засаг даргын зөвлөл, сумын Онцгой комиссын шийдвэрээр нөхцөл байдал илүү хүнд байгаа айл өрхүүдэд олгох, Дорнод аймгаас татан авч, нэг боодлыг нь 14 мянган төгрөгөөр блрлуулж буй өвсний боодол тус бүрээс 3000 төгрөг хөнгөлөх зэрэг шийдвэрийг гаргажээ.