Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

2023 ОНЫГ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

Сүхбаатар аймаг 2023 оныг Хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа. Тус аймагт 0-18 насны 25 мянга орчим хүүхэд бий.

Дэмжих жилийн хүрээнд хүүхдүүдийг амны хөндийн эрүүл мэндийн үзлэгт 100 хувь хамруулж, хүүхдийн шүдний өвчлөлийг аймгийн хэмжээнд таваас доошгүй хувиар бууруулах, нүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт 650-аас доошгүй хүүхдийг хамруулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах тоног төхөөрөмжөөр хангах, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах, ЕБС-ийн дотуур байранд амьдрах орчин нөхцлийг сайжруулж, зургаан настай хүүхдийн дотуур байранд хамрагдалтыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчинд хүүхдүүд цэвэршүүлсэн ус уух нөхцлийг бүрдүүлэх зэрэг ажлыг эрэмбэлжээ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд сум, ААНБ-ын удирдлагуудыг идэвх санаачлагатай ажиллаж, хүүхдээ сонсох үйл ажиллагааг тогтмолжуулж, оролцоог нь хангахыг анхаарууллаа. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, золбин нохой устгах ажлыг эрчимжүүлэх, биеийн тамир спорт, тоглоомын талбайг стандарт шаардлагад нийцүүлэх, тоог нэмэгдүүлэх зэрэг Нэгдүгээрт хүүхэд чуулганаас гарсан санаачлагуудыг хэрэгжүүлэхийг чиглэл болгов.

2017-2022 оны хооронд тус аймгийн хэмжээнд нийт 299 хүүхэд гэмт хэрэгт холбогдон, үүний улмаас бэртэж гэмтжээ. Осол гэмтлийн шалтгаан нөхцлөөр авч үзвэл авто осол болон бие мах бод, бэлгийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг байна. Харин дээрх хугацаанд 23 хүүхэд нас барсан бөгөөд нас баралтын голлох шалтгаан нь зам тээврийн осол, хурдан мориноос унах, усанд живэх тохиолдол байна гэж мэргэжлийн байгууллагаас тодорхойлжээ. Мөн Сүхбаатар аймагт бага насны хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг хуулийн байгууллагынхан онцгойлон анхааруулж байлаа.