Монгол түмний уламжлалт сар шинийн баярт зориулсан “Сүхбаатарт үйлдвэрлэв- Бидний хэрэглээ 2023” үзэсгэлэн худалдаа энэ сарын 15, 16-нд Баруун-Урт суманд болно. Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах замаар тэдний борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх нь үзэсгэлэн худалдааны гол зорилго учир өөр аймаг, хотын үйлдвэрлэл эрхлэгчдийг оролцуулахгүй гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл зөвхөн орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцоно.
Өмнөх жилүүдэд хөрш зэргэлдээх аймаг болон Улаанбаатар хотын үйлдвэрлэл эрхэгчдийг оролцуулснаас орон нутгийн иргэдийн борлуулалт хумигдаж, үүнээс үүдэлтэй асуудал үүсч байсан. Тиймээс таван жилийн дараа болж буй үзэсгэлэн худалдаанд ийм явдал гаргахгүй байхыг нэн тэргүүний зорилго болгож байна. Харин ААНБ, өрх гээд 13 сумын бүхий л үйлдвэрлэл эрхлэгчдээ хамруулахыг зорьж байна. сар шинийн баярын бэлтгэлээ иргэд орон нутагтаа үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнээр хангах нь чухал учир нөөцөө маш сайн бүрдүүлэхийг чиглэл болгосон. Мөн үнийн хувьд хяналт тавих бөгөөд зах зээлийн ханшаас хэт өндөр байх тохиолдолд зохион байгуулагчдын зүгээс шаардлага тавина гэдгийг Баялаг бүтээгчдийг дэмжих салбар холбооны дарга О.Батсайхан мэдээллээ.
Сүү цагаан идээ, гурил болон махан бүтээгдэхүүн, хувцас, гоёл чимэглэл, бусад эдлэл хэрэглэл гээд нэр төрлийн хувьд сонголт арвин. Мөн хаяг шошго, сав баглаа боодол, өнгө үзэмжид онцгой анхаарахыг үүрэг болгожээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулдаг тус үзэсгэлэн худалдаанд энэ удаад аймгийн ЗДТГ хамтран ажиллаж байна. Улмаар үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцсон үйлдвэрлэл эрхлэгч ААН, өрх, иргэдийг урамшуулах аж.