Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ӨРХИЙН ХЭРЭГЦЭЭГЭЭ ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ БОЛТОЛ ХӨГЖҮҮЛЖ ЧАДЖЭЭ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын ширээний гол идээний нэг бол хэвийн боов. Сүүлийн жилүүдэд иргэд хэвийн боовоо гэртээ хийх нь эрс багасаж, ихэнхдээ үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүнийг сонгох болсон. Тус аймагт 20 гаруй жил хэвийн боов үйлдвэрлэж орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээг хангаж буй иргэн бол Ш.Баярсайхан. Өрхийн хэрэгцээнийхээ хэвийн боовыг анх хийж эхэлж байсан тэрээр өдгөө үүнийгээ өрхийн үйлдвэрлэл болтол хөгжүүлж чаджээ.

Баруун-Урт сумын иргэн Ш.Баярсайхан нарийн боовны технологич мэргэжилтэй. 1981 онд сургуулиа төгсөөд аймгийнхаа хүнсний үйлдвэрт ажиллаж байгаад зах зээлийн шилжилтийн улмаас ажилгүй болжээ. Ингээд 1993 онд анх өрхийнхөө хэрэглээний хэвийн боовыг хийхийн зэрэгцээ танил ганц нэг айлын идээний боовны захиалгыг авч эхэлснээр өнөөгийн үйлдвэрлэл нь бий болсон байна. үүнээс хойш тасралтгүй 20 гаруй жил үйлдвэрлэлээ явуулж байна. Цагаан сар, хурим найр, уул овоодын тахилгаар захиалга нь эрс нэмэгддэг. Одоо тэдний хувьд оргил ачааллын үе. Өдөрт дээд тал нь 800 ширхэг хэвийн боов хийж байна. Харин жилд ойролцоогоор 25 мянга орчим хэвийн боовыг үйлдвэрлэдэг аж. Өөрсдийн найруулсан тусгай жорыг уламжлалт аргатай хослуулан амт чанар, өнгө үзэмж сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог. Тийм байж ч чадсан учир хэдийн өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй болж чаджээ.

Таван ханатай гэртээ үйлдвэрлэлээ эхлүүлсэн бол, 2012 онд өөрсдийн гэсэн жижиг цехийн байртай болжээ. Ингэхдээ төрөөс ямар нэг дэмжлэг аваагүй, зээлд ч хамрагдаагүй байна. Мөн гаднаас ямар нэг хүн ажилладаггүй. Ээж, охин, хүргэн, бэр, дүү гээд яг өрхийн хэмжээнд үйлдвэрлэлээ явуулж буй тэд цаашид аймгийнхаа бүх сумандаа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, захиалга авдаг болохыг зорьж байна. Одоогоор аймгийнхаа гурван суманд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

Бусдын гар, төрийн халамжийг харж амьдрахаас илүү өөрсдийн гараар бүтээж олсон бүхэн амьдралд үр өгөөжөө өгнө. Хүн өөрийн чаддаг зүйлээ хөгжүүлээд тууштай байж чадвал ямар ч зүйл амжилт олдог гэдгийг Ш.Баярсайхан ярьж байлаа.