Сар шинийн баярын өдрүүдэд тус аймагт хүний амь эрсэдсэн зам тээврийн хоёр ноцтой осол гарлаа. Нэг нь Баруун-Урт суманд гарсан бол нөгөөх нь Халзан сумын нутаг дэвсгэрт буюу хөдөө орон нутгийн замд гарчээ. Тодруулбал тус аймгийн Сүхбаатар, Асгат, Халзан, Баяндэлгэр сумдын нутаг дэвсгэрийг дамжин Дорнод аймгийн Матад сумаас Дорноговь аймгийн нутаг хүртэл газрын тос дамжуулах шугам байрлуулах зориулалтаар зассан шороон зам дээр хурд хэтрүүлсний улмаас хоёр машин мөргөлдөж, 32 настай жирэмсэн эмэгтэй газар дээрээ нас баржээ.
Машинд зорчиж явсан 2-13 насны таван хүүхэд, дөрвөн том хүн хөнгөн, хүнд хэлбэрээр бэртсэн байна. Уг осол болсон зам нь тээврийн хэрэгсэл зорчих зориулалтаар тавигдаагүй бөгөөд газрын хөрсийг тэгшлэн зассан, сул шороотой, тоосжилт ихтэй учир тээврийн хэрэгсэл зорчих үед үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог. Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх осол гарсан энэхүү замаар буюу тээврийн хэрэгсэл зорчих зориулалтаар тавигдаагүй замаар зорчихгүй байх, хөдөө орон нутагт зорчихдоо орон нутгийн баталгаат замаар зорчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Баруун-Урт суманд гарсан осол нь мөн хоёр машин мөргөлдснөөс үүдэлтэй бөгөөд 20 гаруй насны иргэн ослоос хойш хоёр цагийн дараа нас баржээ. Одоогоор эдгээр зам тээврийн ослуудад цагдаагийн байгууллага мөрдөх шалгах ажиллагааг явуулж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Мөн сар шинийн баярын өдрүүдэд тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон 30 гаруй зөрчлийг илрүүлсэн байна.