Улаанбаатар хотод өрхийн үйлдвэрлэл эрхлэн амьдарч байсан Ч.Батбуянгийн гэр бүл 2022 онд тус аймгийг зорин иржээ. Гэр бүлээрээ гутлын үйлдвэрлэл эрхлэгч тэдний хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх цаашлаад амьдралын чанараа сайжруулах зорилгоор ийн хөдөөг зорьжээ. Сүхбаатар аймагт таних нэг ч хүнгүй тэдний энэ шийдвэр гэнэтийн байгаагүй. Учир нь тэд бүтээгдэхүүнээ борлуулахаар Монгол орны өнцөг булан бүрээр явж, энэ хугацаандаа өөрсдийн амьдрах таатай газрыг хайж явжээ. Ингээд гурван жил судалгаа хийсний эцэст Сүхбаатар аймгийг сонгосон байна. Нөхөр Ч.Батбуян дуурийн дуучин, эхнэр Г.Янжинсүрэн нь англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Гэвч мэргэжлээрээ ажиллахаас илүүтэй аав ээжийнхээ ажлыг өвлөн авч, бизнесийг нь үргэлжүүлэх замыг хоёул сонгожээ.
2018 оноос хойш бие даан үйлдвэрлэлээ эхлүүлж, өдгөө 15 нэр төрлийн гутлыг үйлдвэрлэж байна. Гутлынх нь брэнд “Аян”. Аян брэндийн гутлын хамгийн том давуу тал бол чанар. Бэлтгэж боловсруулсан түүхий эдийг татан авч бүтээгдэхүүнээ хийдэг. Ингэхдээ аль л сайн, чанартай гэсэн материалыг сонгохыг эрмэлдэг байна. Тиймээс үйлчлүүлэгчдээ нэг жилийн баталгааг өгдөг. Үйлдвэрлэлийн ихэнх ажил нь гар аргаар хийгддэг. Тиймээс тоног төхөөрөмж авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ. Ингэвэл тэд орон нутгийн 10-15 иргэнийг ажлын байраар хангах боломжтой аж.
Агаарын бохирдол, хүн амын нягтаршил, нийгмийн стресс бухимдал гээд нийслэлээс явах болсон шалтгаан их. Нөгөө талаар бүтээгдэхүүний маань борлуулалтын урсгал хөдөө орон нутагт тэр дундаа зүүн аймгийг чиглэж байсан. Мөн урьд жилүүдэд гутлаа борлуулахаар Монгол орныхоо 204 сумаар явж үзсэн. Энэ үеэр хаана амьдрахад илүү тохиромжтой байна вэ гэдгийг харж, судалсны эцэст Сүхбаатар аймгийг сонгосон. Анх ирэхэд орон нутгийн удирдлагууд маш таатай хүлээн авч, үйл ажиллагааг минь дэмжиж ажлын байрны дэмжлэг үзүүлсэн. Энэ бол залуу гэр бүлд маш том дэмжлэг болоод зогсохгүй их урам зориг өгсөн. Энд бид хоёртой холбогдох ямар ч хамаарал байхгүй. Аав ээж, ах дүү, найз нөхөд гээд таних хүн үгүй. Ийм газрыг сонгон ирнэ гэдэг асар том зориг. Гэхдээ бид алдаагүй, харин ч зөв газраа ирж гэж бодож, урамтайгаар ажиллаж байгаа гэж нөхөр Ч.Батбуян ярилаа.
Харин эхнэр Г.Янжинсүрэн нь хэлэхдээ, бид албан ёсоор Сүхбаатар аймгийн иргэд болсон. Манайх 3-16 насны гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань харъяаллынхаа дагуу сургууль, цэцэрлэгт явж байгаа. Хүүхдүүдээ зөөх, гадуур ажил хөөцөлдөхөд үнэхээр урамтай байгаа. Маш богино хугацаанд төлөвлөсөн ажлаа амжуулж, бусад цагт нь гэр бүлдээ цаг гаргах боломж бий болсон гэлээ.
Тэд бол өнгөрсөн онд Сүхбаатар аймгийг зорин ирсэн 670 иргэний төлөөлөл. Орон нутгийн зүгээс шилжин ирэгсдийг, тэр дундаа үйлдвэрлэл эрхлэгчдийг онцгойлон дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдэж байгаа. Ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох, амьдрах орон сууцаар хангах, иргэдийн ажиллаж амьдрах аюулгүй таатай орчин нөхцлийг бүрдүүлэх хүрээнд далайцтай ажлыг хийж, холбогдох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.