Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

М.БОРЧУЛУУН: ЭНЭ ОНД 75 ГА ТАЛБАЙД ОЙЖУУЛАЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

Дэлхийн ойн өдрийн хүрээнд Сүхбаатар аймгийн ойн сан, шинээр тарьж ургуулсан модны ургалтын нөхцөлл байдал болоод ойн сан,иногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хийгдэх ажлын талаар аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн М.Борчулуунаас тодрууллаа.

Эхлээд Сүхбаатар аймгийн ойн сангийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

Дарьганга сумын Молцог элс , Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст, Түмэнцогт сумын Хар ямаат зэрэг газруудад байгалийн аясаар ургасан ойн төгөл бүхий баян бүрд газруудад   2011 онд  Ойн газраас  судалгаа хийхэд Сүхбаатар аймагт 15664 га газарт ойн сан бүхий талбай байгааг тогтоосон байдаг.

Эдгээр газрууд байгалийн унаган төрхөөрөө хадгалагдаж байгаа гэсэн үг үү?

Мэдээж тийм байгалийнхаа аясаар ургасан модтой газрууд гэж ойлгож болно. Эдгээр газрууд нь байгалийн цогцолборт болон нөөц газраар бүртгэгдсэн байдаг.

Шинээр ойжуулах боломжтой газар байгаа юу, эсвэл ойн санг нэмэгдүүлэх боломжтой юу?

Яг шинээр ямар нэг газрыг ойжуулна гэдэг маш олон жилийн судалгаа, хүч хөдөлмөр бас мэдээж хөрөнгө мөнгө шаардах ажил. Харин дээрх газруудад ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж ойн санг 200-300 га талбайгаар нэмэгдүүлэх боломжтой.  Тухайлбал, энэ онд Дарьганга, Түмэнцогт сумдад 75 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээх ажил хийгдэхээр төлөвлөсөн. Энэ ажил “ Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөл болон  орон нутгийн төсвийн 656.2 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэнэ. Удахгүй тендер нь зарлагдана. Цаашид Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд модтой газрыг нэмж моджуулах буюу мод ургаж байгаа газарт шинээр мод тарих, нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

Нэгэнт ой, модны талаар ярьсных аймгийн хэмжээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан нийт модны хэмжээ, ургалтын талаар мэдээлэл өгнө үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сүхбаатар аймаг нэгдэж 10 сая мод тарьж ургуулах зорилт тавьсан. 2022 онд 303.402 ширхэг мод бутыг олон нийтийн оролцоотойгоор тарьж ургуулсан. Тарьсан модны ургалтын нөхцөл байдлыг тогтоох ажлыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тооллого хийж тогтооход 88.1% тай гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл нийт тарьсан модны 90 орчим хувь нь ургаж байна.

Ер нь Сүхбаатар аймгийн хөрсөнд ямар модыг тарих нь хамгийн тохиромжтой юм бэ?

Хангай, говийн нутгуудыг бодвол манайх хуурай, гандуу дунд зэргийн хөрстэй. Тиймээс навчит мод хамгийн тохиромжтой байдаг. Голчлон хайлаас, гүйлс, голт бор, шар хуайс зэрэг мод сөөгийг тарихыг зөвлөдөг.

Мод тарих өдрүүдээр нийтээрээ мод тарьдаг шүү дээ. Энэ ажлын яг бодит үр дүнг хэрхэн дүгнэх вэ?

“Бүх нийтээр мод тарих” аяныг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ аянаар айл өрх, албан газар эзэмшил газартаа мод тарьж ногоон байгууламжтай болох боломжтой. Сүүлийн жилүүдэд айл өрхүүд хашаандаа мод тарих идэвхи нэмэгдсэн. Аймаг орон нутгаас иргэдийг мод тарьж ургуулахад дэмжлэг үзүүлж хөнгөлттэй үнээр тарих мод олгож, хөрс хар шороог нь хүртэл татаж өгдөг болсон.

Энэ жил нэмж хичнээн мод тарих вэ?

Энэ жил 350-400 мянган ширхэг модыг шинээр тарихаар төлөвлөж байна.“Тэрбум мод” хөдөлгөөнийг 2022-2030 он хүртэл хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн  тогтоолоор батласан. Уг тогтоолоор уул уурхай компани, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн тарих модны тоог тогтоосон. 2021-2030 он хүртэл жил бүр иргэн тван ширхэг мод, аж ахуйн нэгж байгууллага хүний тоогоор 10 ширхэг модыг тарьж ургуулах зорилт тарьсан. Иймд ААНБ, иргэд хуваарьт модоо  өөрийнхөө эзэмшил газартаа тарьж ургуулж, ногоон байгууламж бүхий эрүүл орчинг бүрдүүлэхийг уриалж байна.