Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ ТОГТООХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ БАЙНА

Жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдрийг дэлхий нийтээрээ усны өдөр болгон тэмдэглэж ирсэн. Цэнхэр алт гэж үздэг усны зөв зохистой хэрэглээг дадал болгох, усаа хайрлан хэмнэх уриалга, мессежийг энэ өдөр нийтэд түгээдэг. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн усны нөхцөлл байдлын талаар аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн П.Болортунгалагтай ярилцлаа.

Энэхүү тэмдэглэлт өдөр салбарынхны хувьд чухал өдөр байдаг шүү дээ. Танд Дэлхийн усны өдрийн мэндийг хүргэе?

Тийм шүү баярлалаа. Дэлхий нийтээрээ жил бүрийн 03 дугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай хурлын үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байдаг. 1993 оны 03 сарын 22-ний өдрийг анх НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр болгон зарлан тунхагласан. 2023 онд усны өдрийг “Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймд хүн бүр” Цэнхэр алт” усаа хайрлан хамгаалахыг уриалж байна. Ус ашиглагч болон хэрэглэгч нартаа “Дэлхийн усны өдөр”-ийн мэнд хүргэе.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд аймгийн БОАЖГ-аас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу?

Энэ онд Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлт шинэчлэлтийг хурдасгая” уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна. Аймгийн БОАЖГ-аас төлөвлөгөө гарган тодорхой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, олон нийтэд зориулсан видео контент, богино шторк, постеруудыг бэлтгэн цахим орчин болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар түгээж, нийтийн эзэмшлийн зам талбайд сурталчилгааны самбаруудыг байрлуулах зэргийг нэрлэж болно.

Сүхбаатар аймгийн хүн амын усны хэрэгцээ болоод усны нөөц ямар байдаг юм бэ?

Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт усны хэрэглээ нь 2022 онд  9,905,644 м3 гэж дүгнэгдсэн байдаг.  Өөрөөр хэлбэл жилд ойролцоогоор 10 мянган м3 усыг хүн амын унд ахуй хэрэгцээнд болоод малын ундад хэрэглэж байна. Нийт хэрэглээний усны дийлэнхийг үйлдвэрлэлд ашигласан байдаг. Харин нөөцийн тухайд газрын доорхи усны нөөц нь 30,000 м3 , гадаргын усны нөөц 140,000 м3 байдаг.

Хаягдал усыг дахин ашиглаж чадаж байна уу?

Нийт зарцуулсан усны 12,3 мянган м3-ыг дахин ашиглаж байна. цаашид дахин ашигласан усны хэмжээ нэмэгдэнэ. Учир нь Баруун-Уртад цэвэрлэх байгууламж удахгүй ашиглалтад орно. Эндээс гарсан саарал усыг ногоон байгууламжид ашиглахаар төлөвлөсөн бол саяхан БОАЖ-ын сайдын тушаалаар авто угаалгууд цэюэр ус ашиглахыг хориглосон шийдвэр гарсан. Тэгэхээр эдгээр газрууд хүртэл зайлшгүй хаягдал ус болон дахин боловсруулсан усыг ашиглах байдал үүсч байгаа юм.

Байгалийн тогтоцот нуур ус, гол горхи хичнээн бүртгэлтэй байдаг вэ, тэдгээрийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна?

Усны тооллого дөрвөн жилд нэг удаа хийгддэг. 2020 онд хийгдсэн хамгийн сүүлийн тооллогоор манай аймагт гадаргын ус буюу нуур тойром нь 611, 270 булаг бүртгэгдсэн байна. Булаг шанд бол ундардаг, харин бүртгэлтэй нуур тойрмын ихэнх нь хур борооны усаар тэжээгддэг. Хамгийн сүүлд хийгдсэн тооллогоор аймгийн хэмжээнд ширгэсэн буюу усгүй 56 булаг байна гэж тоологдсон. Одоо ирэх онд усны тооллого хийгдэнэ.

Нуур, гол горхи, булаг шандыг ширгэлтээс хамгаалах, урсац ундрагыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юу байна?

Мэдээж энэ чиглэлд анхаарч, жил бүр тодорхой төсөв хөрөнгө тавьдаг. Гадаргын усны нөөц, эх үүсвэрийг хамгаалах зорилгоор 2022 онд аймгийн хэмжээнд 11 булгийн эхийг Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал болон төсөл хөтөлбөр, улс, орон нутгийн төсвөөр  хашиж хамгаалсан.  Мөн Ганга нуурын ууршилтыг хэмжих ГГИ-3000 багажийг 2022 оны байгаль хамгаалах зардалаас  12.0 сая төргөгөөр захиалан авч аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвд хүлээлгэж өгөөд байна. Тус багажийг Дарьганга суманд байрлуулж, Ганга нуурын ууршилтыг хэмжихээр төлөвлөсөн байгаа.

Ус ашигласны төлбөрт жилд хичнээн төгрөг төвлөрч байна. Үүнийг хэрхэн зарцуулдаг вэ?

Өнгөрсөн онд 571 сая төгрөг төвлөрүүлсэн. Мэдээж усны төлбөрийг 100 хувь байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулдаг.

Цаашид орон нутгаас авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудыг хэлнэ үү?

Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоохоор ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар бэлтгэж байна. Мөн ундны усны эрүүл ахуйн хязгаарлалт ба хориглолтын бүсийн тэмдэгжүүлэлтийг Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардалаас дөрвөн суманд хийхээр төлөвлөөд байна.

Ярилцсанд баярлалаа.