Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 16 сургууль, 24 цэцэрлэгийн 190 гаруй тамирчин оролцсон оюун ухааны 6 дугаар наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун-Урт суманд боллоо. Цэцэрлэгийн дөрвөн наснаас эхлэн бүх насны ангилалаар зохион байгуулагдсан тус наадмын оролцогч бүр олон улсын жишигт нийцсэн даалгавруудыг гүйцэтгэхийн зэрэгцээ тэднийг сэтгэх чадварын олимпиадын улс, тив, дэлхийн шагналт сурагч, тамирчид шүүснээрээ онцлог байлаа.
Энэхүү наадам маань цар тахлын улмаас завсардаад байсан. Тиймээс оролцогчид маш их ач холбогдол өгч, бэлтгэл сургуулилт хийсэн байна. Мөн бүх насныхны чадвар сайжирсан, чанар чансаа дээшилсэн нь энэ удаагийн наадмаас харагдлаа. Оюун ухааны наадам бол оролцогчдын сэтгэх чадварыг бүхий л талаар нь шалгадгаараа онцлог. 6 дугаар наадмыг олон улсын жишигт ойртуулж зохион байгууллаа. Цэцэрлэгийн насны төрөлд таван настай оролцогч 10 минутад гүйцэтгэдэг тоглоомыг 1 минут 30 секундэд гүйцэтгэсэн гайхалтай амжилтыг гаргалаа. Энэ мэт шинэ ажилт тогтоосон, оролцогчид маань олон улсын бодлогын 19 төрлийг шинээр сурч, өөрсдийгөө сорьсон үнэхээр сайшаалтай, өндөр үр дүнтэй наадам байлаа гэдгийг Оюуны хөгжлийн IQ төвийн Сүхбаатар аймаг дахь салбарын захирал Ж.Түвшинжаргал онцоллоо.
Бүх насны ангилал, бүх төрлөөс хамгийн өндөр онооны эзнээр 2-3 дугаар ангийн ангилалд Баяндэлгэр сумаас оролцогч М.Баяндэлгэр 70 гаруй оноо авлаа. Эцэг эхийн ангилалд Мөнххаан сумын эрчмийн байцаагч Т.Бат-Эрдэнэ, удирдах ажилтны төрөлд Сүхбаатар сумын ЕБС-ийн захирал Б.Энхсайхан нар тэргүүлэв. Оюун ухааны 6 дугаар наадмын шилдгийн шилдгээр Баруун-Урт сумын 2-р сургуулийн 9 дүгээр ангийн сурөгч Б.Жаргалхүү шалгарав. Түүний хувьд сэтгэх чадварын улсын олимпиадын хүрэл медальтай, логик фазалын төрөлд улсад наймд эрэмбэлэгддэг. Энэ жил аймгаасаа улсын аварга шалгаруулах физикийн олимпиадад оролцох эрхийг авсан шилдэг сурагч аж. Мөн шилдэг багаар Баруун-Урт сумын 2-р сургууль тодров.
Бага ангийн багшийн төрөлд эхний 3 байр эзэлсэн багш нарыг наадмын шагналаас гадна БНХАУ-ын Бээжин хотоор аялах эрхээр давхар шагнав. Тус шагналыг Монголын оюуны чадварын IQ төв болон наадмыг ивээн тэтгэгч АНУ-ын Колумбын их сургуулийн оюутан Г.Мөнхболд нар олгосон юм.учир нь хүүхдийн оюун ухаан, сэтгэх чадварыг багаас нь олгох эх суурийг нь тавьж буй бага ангийн багш нар хамгийн чухал үүрэгтэй гэдгийг шагнал гардуулах үеэр Оюуны хөгжлийн IQ төвийн гүйцэтгэх захирал Д.Өлзий-Эрдэнэ тодотгож байлаа.
Дашрамд дурдахад Сүхбаатар аймгийн 15 сурагч 2003 оноос хойш сэтгэх чадварын олимпиад болон оюун ухааны улс, тив, дэлхийн наадмаас 27 медаль хүртжээ. Хамгийн сүүлд 2022 оны логик фазалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаатөлөөлөн Сүхбаатар аймгаас 2 тамирчин амжилттай оролцсон байдаг.