Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ 3-5 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛАВ

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарын шилдгүүдэд аймгийн засаг даргын нэрэмжит шагналыг 2022 оноос олгож эхэлсэн. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан салбарын өнгөрсөн оны шилдгүүдийг өнөөдөр тодрууллаа. Аймгийн шилдэг эмч, анхан шатны ЭМТ-ийн шилдэг эмч, шилдэг туслах мэргэжилтэн, ажилтан, хамт олон гэсэн таван номинациар шилдгүүдийг шалгаруулж тус бүр 3-5 сая төгрөгөөр урамшууллаа.

Шилдэг эмч Б.Анхбаяр:

Сүхбаатар аймгийн Уламжлалтын эмнэлгийн их эмч Б.Анхбаяр нь уламжлат анагаах ухааны их эмчээр орон нутагтаа 15 дахь жилдээ ажиллаж байна. Түүний санаачлан хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулбал “Тогтвортой амжиргаа” төслөөр 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг эмнэлэгтээ татан авсан, хүзүү нурууны өвдөлттэй иргэдийн өвдөлт намдаах, татлагатай бариа засал эмчилгээг шинээр нэвтрүүлсэн, томуутомуу төст өвчнийг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх аргыг нэвтрүүлж, үр дүнтэй ажиллаж  байна. Баруун-Урт сумын ЗДТГ-тай хамтран Зуны сувилал төслийг хэрэгжүүлж, 2-4 насны хүүхдүүдэд эмчилгээ сувилгааг хийж хэвшсэн. Өөрөөр хэлбэл эмнэлэгт олон дахин хэвтдэг, архаг суурь эмгэгтэй бага насны хүүхдүүдийг сувилдаг. Ингэснээр тус хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэх хэвтэлтийн тоо буурсан байна. Түүнийг, ард иргэдэд уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, эмчилгээ оношилгооны стандарт удирдамжийг чанд мөрдөн ажилладаг, хамт олон болоод үйлчлүүлэгчдийн дунд нэр хүндтэй шилдэг залуу боловсон хүчин хэмээн хамт олон нь тодорхойлжээ.

Шилдэг баг хамт олон АНЭ-ийн Мэс заслын тасаг:

Тус тасаг нь 2022 онд эмчилгээ, оношилгооны шинэ технологи, шинэ хагалгааг нэвтрүүлэн тусламж үйлчилгээний нэр төрлөө олшруулжээ. Тодруулбал, орон нутагт анх удаа хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг нутагшуулж, түрүү булчирхайн томрол, шээлтүүрийн нарийсал, бөөрөнд стент гуурс тавих, өвдөгний хиймэл үе суулгах , шамбарамын зангилаа авах зэрэг хагалгаануудыг шинээр хийж эхэлсэн байна. Мэс заслын тасаг нь гэмтлийн их эмч гурав, мэс заслын их эмч дөрөв нийт 24 эмч, сувилагч, ажилтантай бөгөөд хүний нөөцийн хувьд бүрэн хангагдаж, төрөлжсөн мэргэжлийн эмч сувилагчийг бэлдсэнээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт даруй хэд дахин дэвшил гарчээ.  Тасагт 2022 оны жилийн эцсийн байдлаар 1321 иргэн хэвтэн эмчлүүлсэн нь өмнөх оноос 600 гаруй үйлчлүүлэгчээр өссөн байна.

Анхан шатны ЭМТ-ийн шилдэг эмч Ц.Жигмэдсүрэн:

Баяндэлгэр сумын ЭМТ-ийн дарга, дүрс оношлогооны их эмч Ц.Жигмэдсүрэн нь салбартаа 26 дахь жилдээ ажиллаж байна. Орон нутгийн тухайн жилийн эрүүл мэндийн салбарын болон бүх шатны засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг өөрийн ажилдаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрүүл Сүхбаатар төслийн хүрээнд мобайл технологийг нэвтрүүлэн, явуулын үйлчилгээг сумынхаа хөдөөгийн таван баг, хилийн нэгдүгээр заставын алба хаагчдын ар гэр болон хугацаат цэргийн алба хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Элэгний С вирусгүй Сүхбаатар төслийн хүрээнд 2017 оноос хойш үзлэг шинжилгээнд хамрагдаагүй иргэдийн нэгдсэн судалгааг баг тус бүрээр гаргаж, 2022 онд нийт 300 гаруй иргэнийг эхо болон бусад шинжилгээнд хамруулжээ. Мөн 2022 онд ЭМТ-ийн их засварыг орон нутгийн 200 гаруй сая төгрөгийг гүйцэтгүүлсэн байна.

Мөн 2022 оны эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтнаар Онгон сумын ЭМТ-ийн тогооч Б.Гэрэлээ, шилдэг сувилагч тусгай мэргэжилтнээр АНЭ-ийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн ахлах сувилагч У.Борчулуун нарыг шалгаруулсан бөгөөд салбарын гурван ахмад эмчид хүндэтгэл үзүүллээ.