Түвшинширээ сумын Соёлын төвийн дэргэдэх Шидэт бийр зургийн дугуйлангийн нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. Дугуйлангийн багш О.Номин-Эрдэнэ нь өнгөрсөн онд Улаанбаатар хотоос нутгаа зорин ирсэн мэргэжлийн залуу зураач. Хүүхдүүдийн саналд тулгуурлан дугуйлангийн ажлаа эхлүүлсэн цагаас хойш өнөөг хүртэл сумынхаа 150 гаруй хүүхдийг хамруулаад байгаа бөгөөд цаашид дугуйлангаа өргөжүүлж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөжээ.
Учир нь энэ талаар эцэг эхчүүдээс маш их саналууд ирж байгаа тухайн О.Номин-Эрдэнэ багш ярилаа. Тэрбээр нэг жилийн хугацаанд хүүхдүүдийнхээ авъяасыг нээн хөгжүүлж, уран зургаар дамжуулан олон талын соёл, боловсролыг олгожээ. Өдгөө хоёр ээлжээр сургалтаа явуулж байна. Ойгоо угтаж хүүхдүүдийнхээ дунд зургийг 10 секунд нүдлэн цээжээр зурах, солгой гараараа зурах, нүдээ боон зургийн талбай мэдрэмжээ мэдэрч зурах зэрэг олон сонирхолтой уралдааныг зарласан. Энэ нь ч цаагуураа давхар хүүхдийг хөгжүүлэх үйл явц явагдаж байгаа тухай мөн хэллээ.
Тус дугуйланд суралцагч П.Биндэръяа 10 дугаар ангид сурдаг. Ирээдүйд дизайнер болох мөрөөдөлтэй учир өөрийгөө бэлтгэх, хөгжүүлэх үүднээс сар гарны өмнөөс хамрагджээ. Богино хугацаанд маш их өөрчлөлт, ахиц гаргасан байна. түүний тухайд зураг зурах сонирхолтой. Гэхдээ зургийн талбайгаа хэрхэн мэдрэх, зай талбайн ашиглалт, харьцуулалт, өнгө сонголт гээд нарийн зүйлсийг огт мэддэггүй байсан бол дугуйланд хамрагдснаар энэ бүхэнд суралцжээ.
Шидэт бийр дугуйлангийн хувьд аймгийн хэмжээнд ганц гэж тодорхойлж болохуйц дугуйлан юм. Үйл ажиллагаа нь тасралтгүй явагдахын зэрэгцээ үр өгөөж нь их байдаг байна. Тиймээс сумын эцэг эхчүүд ч хүүхдүүдээ явуулах маш сонирхолтой байдагийн зэрэгцээ багшийн ажлыг ч сайн дэмжиж хамтардаг байна. Мөн сум орон нутгийн удирдлагууд болоод Соёлын төвийнхамт олон тогтмол дэмжиж, ажиллах боломж нөхцлийг бүрдүүлж өгдөг нь цаашид тасралтгүй ажиллах итгэл, урам зоригийг өгдөг тухай О.Номин-Эрдэнэ онцолж байлаа.