
Энэ жил Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт буюу менежментийн цогц шинэчлэл хийгдэнэ. Өөрөөр хэлбэл салбарын удирдлагыг сонгодог механизмыг улс төрөөс цаашилбал орон нутгийн удирдлагуудаас хараат бус болгож, эмч, мэргэжилтнүүд хэлэлцэн дотроосоо удирдлагаа сонгодог болно.
Ингэхийн тулд нэн тэргүүнд аймгийн нэгдсэн эмнэлэгт төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ байгуулахаар болжээ. Үүнд ямар нэг удирдах албан тушаалтан багтахгүй бөгөөд эмч, сувилагч, ЭМГ, аймгийн ЗДТГ болон ТББ-ын төлөөлөл зэрэг есөн хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтжээ. Улмаар цаашид эрүүл мэндийн салбарын зохион байгуулалтыг зөвхөн энэхүү ТУЗ шийддэг болно. Тэд зөвхөн удирдлага сонгох бус салбарын хөрөнгө оруулалт, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах бүх төрийн үйл ажиллагаа, томилгоо, цаашлаад үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг ч хэлэлцэх аж.
Одоогоор аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэгийн даргын албан тушаал түр орлон гүйцэтгэгчтэй байгаа. Дээрх ТУЗ байгуулагдан тэдний ажиллаж байгаа нөхцөл байдлыг хэлэлцэн цаашид үргэлжүүлэн ажиллуулах эсэхийг шийдэх юм байна.