Тус аймаг 2023 оны Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд дэмжих жилийн үйл ажиллгааны зардалд 150 сая төгрөгийг нэмэлтээр төсөвлөжээ. Үүнээс 100 сая төгрөг нь 0-18 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад зарцуулна.
Тухайлбал, шүдний нарийн мэргэжлийн эмч нарыг авчирч, орон нутгийн эмч нартай хамтран бүх хүүхдийг шүдний үзлэгт хамруулна. Мөн дэлгэцийн хамааралтай холбоотойгоор хүүхдүүдийн дунд нүдний өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул дотоод болоод гадаадын эмч, мэргэжилтнүүдтэй хамтарсан нүдний үзлэгийг хийх юм байна. Энэ хүрээнд эхний ээлжинд БНСУ-тай хамтран 1500 хүнийг нүдний үзлэгт хамруулахаас 1000 нь хүүхэд байна гэж тооцжээ. Улмаар нарийн үзлэг, оношлогооны дараа эмчилгээ хийх, гуравдугаар шатны эмнэлэгт зуучлах, цаашлаад шаардлагатай тохиолдолд нүдний шилээр хангах ажлыг хий аж.
Энэ тухай аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлэхдээ, бүтээн байгуулалт, салбар салбарын хөрөнгө оруулалт жил бүр хийгдэж байгаа. Тиймээс энэ жил орон нутгийнхаа ирээдүй болсон хүүхэдрүү чиглэж, анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн. Аймгийн нийт хүн амын 30 гаруй хувийг хүүхэд эзэлж байна. Эдгээр хүүхдүүд хамгийн гол нь эрүүл иргэн болж өсөж хөгжин, аюулгүй орчинд сурч боловсрох ёстой. Тиймээс дэмжих жилийн хүрээнд хүүхдийн боловсрол, соёл спорт, эрүүл мэндийн гээд бүх чиглэлээр ажлууд хийгдэнэ. Үүн дундаа хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч байгаа. Аймгийн ИТХ-ын ээлжит хурлаар төсвийн тодотгол хийж, түрүү жилийн давсан орлогоос уг нэмэлт санхүүжилтийг төсөвлөсөн гэв.