Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

В.ЭНХТУЯА: ЭМЭЭ ШИГЭЭ НОМЫН САНЧ БОЛНО ГЭСЭН МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН

Өнөөдөр Дэлхийн номын өдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан аймгийн Нийтийн номын санч Волоожийн Энхтуяатай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд улс даяар жишиг болж буй Судар эгшиглэн төслийг санаачлагч, зохион байгуулагчдын нэг бөгөөд уг ажлаараа 2022 оны Сүхбаатар аймгийн онцлох хүнээр шалгарсан юм. Номын санч гэх мэргэжил түүний мөрөөдөл нь байжээ.

Юуны өмнө танд дэлхийн номын өдрийн мэнд хүргэе?

Баярлалаа. Нийт оюунлаг уншигч нартаа номын баярын мэнд хүргэе.

Таныг номын нөхөр гэж нутгийнхан тодорхойлдог. Энэ ажилтайгаа холбогдоод хэдэн жил болж байна?

Номын нөхөр гэдэг ч үүнээс илүү номын санч хэмээх энэ нэрээрээ дуудуулах дуртай. Номын сангийнхаа ажил, мэргэжлээрээ бахархдаг. 2001 онд Соёлын дээд сургуулийг төгсөөд одоо хүртэл тасралтгүй 22 дахь жилдээ номын санч мэргэжлээрээ ажиллаж байна.

Ном, номын сан гэдэг зүйлс танд болоод таны амьдралд ямар өөрчлөлтийг авчирсан бэ?

Баярлалаа, гоё асуулт байна. Багаасаа номтой нөхөрлөж, номын сантай найзалсан хүн л дээ. Эмээ маань сургуулийн номын санч, эмээгийнхээ ажил дээр өдөржин сууж, зузаан зузаан номтой нөхөрлөж өссөн. Тэр үедээ уншиж байсан сайхан номууд одоо хүртэл санаанаас гардаггүй. Номыг гадаад,  монгол гэж ялгалгүй бүгдийг л уншдаг  байлаа. Одоо ч шинэ ном ирвэл өдөртөө уншаад дуусгана.  Эмээ шигээ номын санч болно гэж мөрөөдөж явсаар, өөрийнхөө мөрөөдлөө биелүүлсэн. Энэ сайхан мэргэжлээрээ бахархаж, омогшиж явдаг. Ном, номтой нөхөрлөсөн цагаас хойш амьдралд минь олон сайхан эерэг өөрчлөлтүүд гарсан. 8 настай балчираас 80 настай ахмад буурал, гадаад дотоодоос олон сайхан номын садан найз нөхөдтэй болж, номын сандаа олон сая төгрөгний хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Энэ бол миний амьдралдаа , ажилдаа хийсэн том том туршлага, чадвар нь болж байгаад баярлаж явдаг. Бүх зүйлийг л номын ач буянаар хийсэн хүн шүү дээ. Ном бол өрөөлийг бялхааж өөрөө дундардаггүй сав гэдэг үгийг байнга л бодож явдаг даа.

Хүн өөрийн дуртай зүйлээ хийх хамгийн сайхан байдаг?

Тийм шүү. Ажилдаа өдөр бүр дурлаж, бүх зүйлд нь чин сэтгэлээ шингээж хийдэг. Ингэж ажиллаж байгаагийнхаа үр шимийг ч хүртэж явна. Ажил минь хоёр дахь гэр, уншигчид маань хоёр дахь гэр бүлийн гишүүд болсон байна. өөрийгөө үүнээс өөр ажил хийж байгаагаар, тэр бүү хэл номгүйгээр төсөөлж чаддаггүй.

Ажлын нөхцлийн хувьд ямар байдаг вэ, таны хувьд яг одоо ямар ажлаа дагнан эрхэлж байна?

Би яг одоогоор Гэрээр ном олгох танхимын номын санчаар ажиллаж байгаа. Манай танхим 7000 гаруй номтой. Жилд хоёр удаа номын баяжилт хийгддэг. Одоогоор он гарсаар энэ ажил хийгдээгүй байна. Ажлын нөхцлийн хувьд бол хааяа маш их ачаалал ихтэй үе бий. Гэхдээ ачаалал ихтэй ажиллах надад сайхан байдаг. Яагаад гэвэл бүх зүйл хугацаатай байдаг.

Таны хувьд Судар эгшиглэн төслийг анхлан санаачлагчдын нэг. Төслийнхөө талаар товчхон мэдээлэл өгвөл?

“Судар эгшиглэн” төслийн хувьд дэлхий нийтээр цар тахлын хүнд хэцүү үе таарсан, гэр бүлээрээ гар утас, телевизор, компьютер гээд цахим хэрэглээг түлхүү ашиглаж байсан үе шүү дээ. Манай гэрийнхэн ч ялгаагүй бүгд гар утсаа маажаад л…. Яг юу хийх вэ, ямар ажил хийвэл үр дүнтэй байх бол гэж бодсон. Тэгээд Аварга уншигч төслийн талаар мэдээлэл олж уншаад, яг ийм мини хувилбар аймаг орон нутагтаа хэрэгжүүлье төсөл бичье гэж шийдсэн. Төслөө бичээд УИХ-ын гишүүн Н.Ганибалд илгээсэн. Маргааш нь надад ямар сайхан хариу ирсэн гэж санана. Маш гоё ажил байна. 100 хувь дэмжинээ. Багаа бүрдүүлээрэй гэсэн. Ингээд төслийн багийн гишүүдээ сонгосон. Гишүүдээ сонгоход маш хялбар байсан. Бүгд л амнай идэвхитэн уншигч нар байсан. За ингээд багийн хэддээ бий төсөл эхлүүлнэ, та нартай хамтаръя гээд манай багийн гишүүд шууд л санал нэгтэйгээр дэмжсэн дээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал, багийн гишүүдээ, төслийн бүх оролцогч нартаа дахин талархал илэрхийлье.

Энэ жилийнх илүү өргөн цар хүрээтэй болох юм шиг байна лээ?

Тийм ээ. 2021 онд 309 уншигчтай эхэлсэн. 2022 онд 2885, 2023 онд Улаанбаатар хот, Баянхонгор, Увс, Өвөрхангай, дорноговь, Дундовь, дорнод, Хэнтий, Баянл-Өлгий гээд олон аймгуудаас оролцогч нэмэгдсэн. Энэ жилийн оролцогчдын тоо 5000 гаруй. Илүү өргөн, өнөр өтгөн болж байгаа. Монгол орны өнцөг булан бүрээс манай уралдаанд оролцохоор уншигчид хандсан. Үнэхээр баяртай байгаа.

Ажлынхаа сүүлийн үеийн онцлох мэдээллээс хуваалцаач?

Дэлхийн номын баярын өдрөөр Э.Номин-Эрдэнэ охины “Өвлийн цаг агаар чи” номын нээлт өргөн боллоо. Сурагч охин ном бүтээгээд номын нээлт хийнэ гээдг үнэхээр бахархууштай юм аа. Одооны хүүхдүүд оюунлаг болжээ. Үнэхээр бахархахаас өөр аргагүй юм аа. Номын нээлтийн арга хэмжээ сэтгэл маш их хөдөлгөсөн дөө. Удахгүй номын баяр болно. Үр бүтээлтэй сайхан ажил хийх санаа байгаа.

Орон нутгийн иргэд номын сангаар үйлчлүүлэх байдал хэр байна. Танай байгууллагын зүгээс уншигч,үйлчлүүлэгчдээ татах чиглэлээр ямар ажлуудыг хийж байна?

Орон нутгийн иргэд манай номын сангаар их үйлчлүүлдэг. Бид хөдөө сумдадаа зөөврийн номоор үйлчилгээ өгөхөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ч мөн зөөврийн үйлчилгээг хүргэдэг. Яг одоогийн нөхцөл байдалд манай аймгийнхны хувьд Судар эгшиглэн төсөл маш их хүлээлттэй, оролцогч, уншигчдын ном унших, номын тэмдэглэл хөтлөх ажлуудыг байгууллага, хамт олон, анги нийтээрээ өргөн хамрагддаг болж байгаад их талархаж байгаа.

Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангийн онцлог, давуу тал ер нь юу юм бэ?

Манай аймгийн номын сан маш олон давуу талтай. Уншигч нартаа маш сайн хүрч ажилладаг. Олон том том төсөл хөтөлбөрүүд, томоохон ажлууд манай номын санд хэрэгжиж байна. Жич: Судар эгшиглэн гурав дахь жилдээ, Сониуч хүүгийн адал явдал контент бүтээх, харааны бэрхшээлтэй иргэдийг харилцааны шинэ технологиор дамжуулан чадавхжуулах төсөл хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна гээд дурдаад байвал олон сайхан том ажлуудыг хэрэгжүүлсэн. Бусад аймаг, хотын номын сангууд манай аймгийн номын сангаар жишиг үлгэрлэл болгосон байдаг.

Номын сан төсөв мөнгө багатай. Энэ бол хаа газрын гол бэрхшээлүүдийн нэг байдаг. Гэхдээ хэлсэнчлэн олон шинэлэг ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Ёстой нөгөө бор зүрхээрээ гэдэг шиг?

Яг тийм шүү. Ямарваа нэг зүйл хийхээр санхүүгийн асуудал хүнд нөлөөлдөг. Хүмүүсээс энд тэндээс тусламж, туслалцаа гуйна, бичнэ. Гэхдээ бидний ажлыг дэмжигч нь их. Олон сайхан номын найз нөхдийн ачаар үр бүтээлтэй хийсэн зүйлүүд нэлээд их  байгаа. Гэхдээ одоо бол энэ зүйлээ боломж гэж хардаг болсон. Өөрийгөө олон зүйлд сойж, суралцаж  байна. 2022 онд  Судар эгшиглэн төсөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургагч багш гээд хоёр том төсөлд амжилттай хамрагдаад, сургагч багшийн сертификатаа аваад байгаа. Ажлынхаа хажуугаар өөрийгөө байнга хөгжүүлэхийг эрмэлздэг.  

Хийх хүн аргыг нь олдог гэдэг дээ. Хийсэндээ урамшиж, хийхийг төлөвлөсөн нь их байх. Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил юу байна?

“Судар эгшиглэн”  төсөл гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж байна. Хоёр жилийн хугацаанд хотоос номын дэлгүүртэй цахим гэрээ хийж, номын тэмдэглэл борлуулсан. Удахгүй төслийнхөө брэнд  “Судар эгшиглэн”  номын тэмдэглэл хөтлөх дэвтэр хийхээр төлөвлөж байна. Зорьсондоо хүрч гаргана гэсэн бодолтой байгаа. Загвар эхээ бэлдсэн. Үүнээс гадна мэдээж уншигч, үйлчлүүлэгчирүүгээ чиглэсэн олон ажлуудыг цаг үетэйгээ хөл нийлүүлэн хийж хэрэгжүүлэх болно.

Уншигчид бол таны хувьд эрхэм. Тэд байж та оршино. Тэгэхээр нийт уншигчид номын хорхойтнууддаа хандаж юу гэж хэлмээр байна?

Тэгэлгүй яахав. Уншигч та нартаа урам зориг, тус дэм, чиглэл өгөхөөр анхааран ажиллаж, та нараасаа сэтгэлийн урам зориг авдаг. Жилээс жилд өргөжин тэлж байгаа төслийнхөө оролцогч нараар маш их бахархаж байна. Аав, ээж, гэр бүлээрээ, анги хамт олон, албан байгууллагаарааа уншдаг боллоо. Энэ бол төсөл үр дүнтэй болсныг ахин дахин гэрчилж байгаа хэрэг.  Та нарынхаа урласан номын тэмдэглэлээр бахархаж, олон нийтэд сурталчлах, түгээхийг хүссэн мөрөөдөл минь биелэсэн.  Боломж, нөхцөл, санхүүжилт олдвол бид бүхэн энэ төслөө цаашид улс, аймаг, бүсийн хэмжээнд хийхийг чин сэтгэлээсээ хүсч байна. ингээд нийт уншигч, номын садангууддаа Дэлхийн номын өдрийн мэнд хүргэе. Номын цагаан буян дэлгэрэг.

Ярилцсанд баярлалаа.