Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагуудаас бүрдсэн баг сумдад ажиллаж, иргэдтэй уулзалт хийх уулзалтаа энэ сарын 23-нд Асгат сумаас эхлүүлсэн. Иргэдийн хувьд малын индексжүүлсэн даатгал малчдад хүрсэн үр дүнтэй ажил болохгүй байгааг шүүмжилж, орон нутагт бүх салбарт мэргэжилтэй ажиллах хүчин дутмаг байгааг анхааруулж байлаа.
Хэдхэн хоногийн өмнөх шороон болон цасан шуурганы улмаас малаа хэдэн зуугаар нь алдсан иргэд, малчид даатгалын үр дүн, ач холбогдлыг одоо л мэдрэхийг хүсэж байна. Гэтэл бодит байдал дээр санасан шиг нь байж чадахгүй байгаад бухимдах хүн цөөнгүй байна. Зөвхөн шуурганы улмаас Асгат суманд 35 мянган, Сүхбаатар суманд 40 гаруй мянган мал хорогдсон. Асгат сумын малчид шуурганаас гадна уурхайн буруутай үйл ажиллагаанаас болж азарга адуугаа хэд хэдээр нь үхүүлсэн. Хэдийгээр аймаг, сум орон нутгийн зүгээс хохирлыг барагдуулахад анхаарна гэж байгаа ч яг холбогдох газрын ажиллагаа хангалтгүй байгааг хэлж байлаа. Цаашид үүнд төрийн бодлого чиглэх ёстойг ч сануулж байна.