Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БАРУУН-УРТ СУМААС 120 ЭХ АЛДАРТ ЭХИЙН ОДОН ХҮРТЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 05 угаар сарын 15-ны 53 дугаар зарлигаар Алдарт эхийн одон хүртсэн Баруун-Урт сумын эхчүүдэд Эх үрсийн баярын босгон дээр аймаг сумын удирдлагууд шагналыг нь гардууллаа. Тус сумаас нэгдүгээр одонгоор зургаа, хоёрдугаар одонгоор 114 нийт 120 эх дээрх шагналыг хүртсэн юм.

Гэр бүлийн аз жаргал бол үр хүүхэд байдаг. Үр хүүхдээ сайн иргэн болгож өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол улс орныхоо ирээдүйн оршин тогтнох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Энэхүү үүргээ нэр төртэй биелүүлж, улс эх орон, аймаг орон нутагтаа зөв иргэн, зөв хүн өсгөн хүмүүжүүлж өгч байгаа нийт эхчүүддээ талархал илэрхийлж, баяр хүргэе. Бид ирээдүй болсон хүүхдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, өөрийнхөө хүслээр хөгжих тэр боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно гэдгээ Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр нээлтийн үгэндээ онцлов.

Баруун-Урт сумаас одон хүртсэн эхчүүдийн хамгийн залуу нь 25, ахмад нь 50 настай байна. Харин нэгдүгээр одон хүртсэн эхчүүдийн хамгийн залуу нь 36 настай. Түүнийг н.Энхцэцэг гэдэг бөгөө зургаан охины ээж. Хамгийн бага хоёр нь ихэр. Цэцэгс шиг охидоороо нэрээ, гэрээ чимж амьдардаг. Энэ бол хамгийн үнэтэй хамгийн эрхэм шагнал байдаг. Ханьдаа, хайртай гэр бүлийнхэндээ, найз нөхдөөө маш их баярлалаа. Охидоо эрдэм номтой,улс эх орондоо ихийг хийж бүтээх сайн иргэн болгон өсгөнө хэмээн сэтгэгдлээ хуваалцав.  

2022 онд Сүхбаатар аймгийн хэмжээнд Алдарт эхийн нэгдүгээр одонгоор 13, хоёрдугаар одонгоор 242 нийт 255 эх шагнуулжээ.